ШУУРХАЙ: АТГ-аас Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярыг эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж, гэр, ажлын байранд нь шалгалт хийжээ

ШУУРХАЙ: АТГ-аас Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярыг эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж, гэр, ажлын байранд нь шалгалт хийжээ

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа.

- "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" , "СЭЛБЭ ХОРИН МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА - 

Шалгалтаар "Туулын хурдны зам"-ын тендер сонгон шалгаруулалт хууль зөрчиж явагдсан байж магадгүй нөхцөл байдал илэрсэн тул нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд тус тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл Ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилттэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах, баримт бичиг гаргуулах ажиллагаа өдгөө ч явуулж байгаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв.

- Л.ХОСБАЯРЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1- Д ЗААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА - 

Л.Хосбаяр бол Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тэгвэл Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар энэ сарын 9-нд түүний ажил, гэрт АТГ-аас шалгалт явуулсан байна.

Хэрэв шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, гэм буруутайг холбогдох байгууллагаас тогтоовол “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.