Өндөр хөгжилтэй орнуудын хот төлөвлөлтийн суурь үзэл баримтлалд хог хаягдлын менежментийг газрын гадаргуугаас далд, газар доор шийдэх асуудал тусгагдсан байдаг. Энэхүү дэд бүтэц нь халдварт өвчний тархалт, эвгүй үнэрийг дарах төдийгүй хотын өнгө үзэмжийг сайжруулах хамгийн үр ашигтай шийдэлд тооцогддог байна.
ВИДЕО:
-НЭГ БҮР НЬ 56 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ НИЙТ 74 ШИРХЭГ ГАЗАР ДООРХ УХААЛАГ ХОГИЙН САВЫГ ҮЕ ШАТТАЙГААР СУУРИЛУУЛААД БАЙНА-
Чингэлтэй дүүргийн 1-ээс 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон нутгийн төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 56 сая төгрөгийн өртөгтэй нийт 74 ширхэг газар доорх ухаалаг хогийн савыг үе шаттайгаар суурилуулаад байгаа юм. Гэвч дэлхийн жишигт нийцсэн шинэ дэд бүтэц, дэвшилтэт технологийг иргэд зөв боловсон ашиглаж чадахгүй, эргэн тойронд нь хогоо ил задгай хаях тохиолдол тасрахгүй байна.
Олон улсын жишигт, тухайлбал Герман, Швед, Финланд, Сингапур зэрэг орнуудад газар доорх ухаалаг хогийн савыг орон сууцны хотхон, гудамж талбай, олон нийтийн бүсэд өргөнөөр ашигладаг байна.
Европын Холбооны орнуудад мөрдөгддөг “EN 840 стандартын” дагуу хог хаягдлыг ил задгай байлгах, салхинд хийсгэх, амьтан шувуу тастах нөхцөл бүрдүүлэхийг хуулиар хатуу хориглодог бөгөөд иргэд хогоо зориулалтын цэгт, дүрэм журмын дагуу хаяхыг иргэний үндсэн үүрэг гэж үздэг.
Хөгжингүй орнуудад хогийг ил хаях, эсвэл зориулалтын бус саванд хийхэд хуулийн дагуу маш өндөр торгууль ногдуулдаг систем ажилладаг бөгөөд иргэд нь ч ухамсартайгаар ухаалаг системийг дагаж мөрддөг байна.Харин Монголд нэвтрүүлсэн уг систем нь 5.4 тонн хүртэлх хогийг газар доор хадгалж, дүүрсэн үедээ Тохижилт үйлчилгээний компани (ТҮК)-д автоматаар мэдээлэл хүргэдэг, дэлхийн жишигт нийцсэн технологи юм. Энэ нь хогийг салхинд хийсэхгүй, амьтан шувуу тастахгүй, хамгийн гол нь орчинд эвгүй үнэр гаргахгүй байх эрүүл ахуйн өндөр ач лохбогдолтой шийдэл билээ. Технологийн хувьд ТҮК-ийн машинууд өдөр бүр явж шатахуун үрэх шаардлагагүй, зөвхөн системээс дүүрсэн мэдээлэл ирсэн үед очиж тусгай кранаар өргөж ачих замаар тээвэрлэлтийн үргүй зардлыг бууруулах, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой аж.
-ХОГИЙН САВ НЬ ЗААВАЛ ЧИП УНШУУЛЖ ОНГОЙДОГ УЧРААС ЧИПГҮЙ ҮЕДЭЭ ЭСВЭЛ ХААЛТТАЙ БАЙХААР НЬ ГАДУУР НЬ ХАЯЧИХДАГ-
Технологийн хувьд дэлхийн жишигт хүрсэн шийдлийг нэвтрүүлсэн ч иргэд ухаалаг хогийн савны хажууд хогоо хөглөрүүлж, хотын соёлд суралцаагүй байгаа дүр зураг бэлхнээ харагдах болжээ. Шинэ систем ашиглалтад орсноос хойш хогийн савны ил харагдах металл хэсгийн хажууд гялгар ууттай хогнууд овоорох болсон тул тус дүүргийн оршин суугчдаас уг асуудлыг тодрууллаа.
Оршин суугчдын зүгээс "Хогийн сав нь заавал чип уншуулж онгойдог учраас чипгүй үедээ эсвэл хаалттай байхаар нь гадуур нь хаячихаад байна" гэх тайлбарыг өгч байгаа юм. Мөн зарим иргэд "Савны ил харагдах амсар нь жижиг болохоор айлууд болон албан байгууллагууд ахуйн том ууттай хогоо шууд дотогш нь багтааж хийж болдоггүй, тиймээс хажууд нь тавихаас өөр аргагүй. Үүнээс гадна чипээ гэрээсээ авч гарахаа мартсан, эсвэл хажуугаар нь зорчиж яваа явган зорчигчид чип байхгүй гэх шалтгаанаар хогоо савны аман дээр эсвэл гадна талд нь үлдээх тохиолдол түгээмэл байна” гэсэн юм.
Хөгжингүй орнуудад иргэд чипээ мартах эсвэл хог нь багтахгүй байх тохиолдолд хогоо буцааж гэр рүүгээ авч явах эсвэл зориулалтын жижиг уутанд хувааж хийхийг хүн бүр ухамсарласан байдаг гэдгийг сануулах нь зүйтэй. Дэд бүтэц нь хэдий ухаалаг байлаа ч түүнийг хэрэглэгч иргэдийн хандлага “мунхаг” хэвээрээ байвал төсвийн хөрөнгөөр боссон ажлууд үр дүнгүй болж дуусах бизээ.