Хөвсгөлд болсон газар хөдлөлтийн улмаас нийслэлийн хэд хэдэн барилгын хана, тааз цуурсан уу

Хөвсгөлд болсон газар хөдлөлтийн улмаас нийслэлийн хэд хэдэн барилгын хана, тааз цуурсан уу

Энэ сарын 12-ны өглөөний 05:42 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний чичиргээ нь Дархан-Уул, Орхон, Булган, Архангай аймгуудад хүчтэй мэдрэгдэж, иргэдийг сандаргаад байсан билээ. Үүний улмаас тус аймгийн найман сумын сургууль, цэцэрлэг, захиргааны байр гэх мэт барилга байгууламж цуурч, ихээхэн хохирол учирсан. Үүнээс хойш тус аймагт хэд хэдэн удаагийн давтамжтай газар хөдлөлт болж, аймгийн онцгой комисоос ажлын хэсэг томилон ажиллуулж буй. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын иргэдийн дунд нэгэн мэдээлэл түгсэн нь Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн улмаас нийслэлд хэд хэдэн барилга, байгууламж цуурч эвдэрч, гэмтсэн гэх асуудал. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой зарим мэдээллийг хүргэж байна.

-ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС НИЙСЛЭЛ ХОТЫН НЭР БҮХИЙ ГУРВАН ХОРООЛЛЫН ХАНА, ТААЗ ЦУУРЧ, ЭВДЭРСЭН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧЭЭ-

Газар хөдлөлт болсны дараахан нэр бүхий зарим хорооллуудын хана, дээвэр цуурч, эвдрэл үүссэн гэх зураг, постууд цахим орчинд тархаж эхэлсэн. Жишээлбэл, Н гэх хорооллын Б1 давхарын даацын хана цуурсан, Х гэх хороололд амьдардаг иргэдийн гэрийнх нь таазанд цууралт үүссэн, мөн С гэх хотхоны зарим байрнуудын хана, туурга нимгэн баригдсан тул цууралт үүссэн гэсэн мэдээлэл цахим орчинд тараад буй.

Энэ талаар С гэх хотхоны нэгэн оршин суугчаас тодруулахад “манай байр бол зүгээр байгаа, ямар нэгэн эвдрэл цууралт үүсээгүй. Харин хажуу талд амьдардаг эгчийн маань тааз цуурсан гээд зургаа явуулж байсан” гэсэн мэдээллийг өгсөн юм. Зарим хүмүүс энэ талаар “Барилгуудын Б1, Б2 давхаруудын дам нуруу, баганын дундах температурын заадас гаднаас харахад нэг юм шиг харагдаж байгаа ч голдоо тодорхой хэмжээний зайтай байдаг. Тиймээс тус тусдаа ачаалал авдаг. Энэ бол хэвийн зүйл хэмээн тайлбарласан байв.

-НИЙСЛЭЛД ГАЗАР ХӨДЛӨХӨД ТЭСВЭРГҮЙ 3820 БАРИЛГАД ШАЛГАЛТ ХИЙЖ, БУУЛГАХ ЭСВЭЛ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ-

Харин улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэх мөн, газар хөдлөлтийн улмаас барилга байшинд эвдрэл гарсан эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал “Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь нь 1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд байдаг. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна. 2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгчээ.

Мөн албаныхны мэдээлж буйгаар нийслэл хотын барилга, байгууламжуудад эвдрэл гэмтэл гарсан эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан хяналт, шалгалт хийж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө