Тэнгэрийн бэр буюу “Хөх хомоол” худалдаалах, гарааны бизнесийг санаачлагч А.Анхбаяртай ярилцлаа

Тэнгэрийн бэр буюу “Хөх хомоол” худалдаалах, гарааны бизнесийг санаачлагч А.Анхбаяртай ярилцлаа

Монголчууд эрт дээр үеэс адууны хомоолыг янз бүрээр хэрэглэж ирсэн. Гэхдээ хайрцаг, баглаа боодолтой бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргаж байсан нь цөөхөн. Адууны хомоол дундаас хөх хомоол тун онцгой байдаг гэнэ.

Учир нь хомоол гурван жилийн дараа л хөх өнгөтэй болдог бөгөөд тэр хэмжээгээрээ сайн шинж чанарыг хуримтлуулдаг аж. Тэгвэл бид энэ удаад Монголын тал хээрт гурван жил “хэвтсэн” хомоолыг хэрэглэгчдийн гарт хүргэж буй залуу бизнесмен А.Анхбаяртай ярилцлаа. Түүний хувьд хоёр найзтайгаа нийлж “Хөх хомоол” хэмээх гарааны бизнесээ эхлүүлжээ.

Гарааны бизнесийн санаачлагч А.Анхбаяр

-ЯМАР НЭГЭН ХИМИЙН БОДИСГҮЙ, 100 ХУВЬ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬДОГ-

-Ярилцлагаа бүтээгдэхүүний түүхээс эхэлье гэж бодлоо. Хөх хомоолыг бүтээгдэхүүн болгох санаа сэдэл хэрхэн, яаж төрж байв.

-Өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг бидний нэг хуурай ах “Аавын маань нэг захиас байдаг юм. Ах нь олон жил бодож төлөвлөж явлаа. Үүнийг би биш та гурав ажил болгоод хийвэл илүү тохиромжтой байх” гэж биднийг анх сэдэлжүүлсэн юм. Бид ч дуу нэгтэй дэмжиж, “шууд ажил болгоё, яаралтай эхэлье” хэмээн эхний ээлжид бүх тооцоо судалгаагаа хийсэн. Ингээд л маш ховор гэх адууны хөх хомоол хайхаар Ховд аймгийг зорьсон доо. Тэнд адууны суурьшмал бүс, бэлчээр хайхын сацуу газар нутгийн онцлогийг сонирхож, сар гаруй хугацаанд эрэл хайгуул хийсэн. Ингэж л бидний бизнес эхэлсэн гэж хэлж болно. 10 дугаар сараас хойш хөл хорио, карантинаас шалтгаалж бидний ажил 2-3 сар хойшилсон ч өнөөдөр хэрэглэгчдийн гар дээр стандартад нийцэхүйц сав баглаа боодолтой, монгол, англи тайлбар бүхий бяцхан гарын авлагатай бүтээгдэхүүн маань хүрч байна.

-Та бүхэн оюуны өмчийн патентаа авсан уу.

-Бид шаардлагатай бүх материалыг бэлдэж хүргүүлсэн байгаа. Тун удахгүй шийдэгдэх байх.

-Үйлдвэр тань Ховд аймагт байдаг юм байна. Бүтээгдэхүүнээ эхлээд Ховд аймагт худалдаанд гаргасан уу. Эсвэл шууд Улаанбаатар хотод худалдаанд гаргаж эхэлсэн.

-Хөх хомоолын эрэлт төв суурин газар хамгийн их байдаг. Хөдөө газраас бэлтгээд, хөдөө орон нутагт зарах боломжгүй шүү дээ. Тиймээс зорилтот хэрэглэгчдээ төв суурьшмал газрын иргэд гэж харж байгаа.

-Хомоолыг хэрхэн, яаж бэлтгэдэг юм бэ. Энэ төрлийн хэд хэдэн бүтээгдэхүүнийг судлахад нэмэлт найрлагатай эсвэл шахмал байсан?

-Бид хөх хомоолоо дээр дурдсанчлан Улаанбаатар хотоос 1500 км алслагдсан Ховд аймгаас бэлтгэн нийлүүлдэг. Өвсний сайнаас сорчлон идэж, усны тунгалгийг уудаг адуу гэх тэнгэрлэг амьтан угтвар ходоодгүй учир бодисын солилцоо ч сайн явуулж маш богино хугацаанд ялгадсаа гаргадаг. Тэгэхээр хомоолын орц найрлагыг өөрчилж, урвалд оруулан янз бүрийн үнэртэй, үнэргүй ургамал нэмэх шаардлагагүй. Адуу өөрөө шууд хэрэглэх бэлэн бүтээгдэхүүнийг “үйлдвэрлээд” өгчхөж байгаа юм. Харин бид хомоолыг гурван жил хөхрөхийг хүлээдэг. Ийм учраас л манай өвөг дээдэс хөх хомоолыг “тэнгэрийн бэр” хэмээн хүндэтгэн нэрлэсээр ирсэн юм билээ. Зарим хүн “шахсан уу”, “ганга оруулаарай” гэж хэлдэг ч хөх хомоолын өнгө, үнэрийг өөрчлөх шаардлагагүй. Нэг үгээр 100 хувь органик хэлбэрээр нь хадгалахыг бид зорьдог.

Худалдаанд байгаа "Хөх хомоол"

-ТАЛ ХЭЭР, МОНГОЛ АХУЙН ДОТНО ҮНЭР ХӨХ ХОМООЛООС ГАРДАГ-

-Хөх хомоол гэж онцолсны учир юу вэ.

-Хомоол нь байгаль дээр олон төрөл зүйлийн өнгө, хэлбэр дүрстэй байдаг. Тэр дундаа “ховор хөх хомоол нь олон жил газрын, нарны, салхины нөлөөнд агиршан хөхөрч домын энергиэ шингээж хуримтлуулдаг юм” гэсэн хуучны өвөгчүүлийн яриа байдаг шүү дээ. Бид ашиг тус, ид шидийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотлоод зах зээлд нийлүүлээд байгаа юм биш. Бидний өвөг дээдэс хөх хомоолыг ариусахуйн зан үйл, зарим нэг төрлийн хууч өвчнийг анагаах эм танд орлуулан хэрэглэсээр ирсэн. Үүний дагуу бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь тэрхүү “ид шидтэй” хөх хомоолыг хэрэглэгчид хээрээс биш дэлгүүрийн лангуунаас авах боломжийг бид бүрдүүлж өгч байгаа юм.

Хөх болон Халтар хомоолын ялгаа

-Яг хэдэн хүн одоогоор танай бизнест гар бие оролцож байна вэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр очих хүртэл хэдэн ажилтан оролцож байна вэ.

-Бид бэлтгэсэн хомоолынхоо 50 гаруй хувийг шууд хаядаг. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй хөх биш, халтар, шар, хөөсөн мантуун хомоолуудыг ашигладаггүй. Түүлт, ялгалт, савлагаан дээр маш болгоомжтой ханддаг учир тодорхой тооны хүмүүс ажиллаж байна.

-Ер нь адууны хомоолын ашиг тус, давуу тал нь юу юм бэ. Бусад төрлийн үнэртүүлэгчээс юугаараа ялгардаг юм бэ?

-Хөх хомоол нь бусад үнэртэнгүүдтэй харьцуулахад үйлдвэрийн аргаар боловсруулагдаагүй цэвэр байгаль дээрх эко бүтээгдэхүүн юм. Хүмүүс арцыг удахаараа гашуун үнэр гарч байна гэж ярьдаг. Тал хээрийн Монгол ахуйн нэг тийм дотно үнэр байдаг даа. Яг л тэр үнэр хөх хомоолоос гардаг. Ер нь гаднын орнуудаас орж ирдэг химийн найрлагтай үнэртэнгүүдтэй харьцуулшгүй.

-Тэгвэл үнэртүүлэгчээс гадна ямар, ямар зориулалтаар ашиглаж болох вэ. Та сая товч дурдаад өнгөрлөө?

-Агаар орчны чийг бам, мөөгөнцрийг дарангуйлах, хортон шавьж дайжуулах, ашиггүй нян бактерийг устгах, элдвийн үнэр дарах, энерги муутай газар оронд уугиулах, арц хүж, химийн гаралтай ариутгагч бодисын оронд уугиулж хэрэглэдэг. Мөн буяны үйлд хэрэглэх, гадаад, дотоодын айлчин, зочдод бэлэглэж болох юм.

-Анх бизнесээ эхэлснээс хойш хэдэн ширхгийг үйлдвэрлэж, хэрэглэгчийн гарт түгээгээд байна вэ.

-Бид эхэлсэн цагаасаа хангалттай нөөц бэлдсэн. Үйлдвэрлэлийн процесс Ховд аймагт явагдаж, Улаанбаатар хот руу татан авалт хийн нийлүүлж байна. 

Худалдаанд байгаа "Хөх хомоол"

-НАЙМАН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЖИНХЭНЭ ХӨХ ХОМООЛ ОЛНО ГЭВЭЛ МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ-

-Үнийн мэдээлэл өгөөч. Хайрцагтаа хэдэн ширхэг байдаг вэ.

-Үнийн мэдээлэл өгөхөөсөө өмнө зарим нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Бид одоогоор сурталчилгаа дээрээ түлхүү анхаарч олон нийтийн сүлжээгээр түгээлтээ хийж байгаа. Үнийн хувьд одоогоор “Номин” сүлжээ дэлгүүрүүдээр 7999 төгрөгөөр зарагдаж байна. Хайрцагтаа том жижгээс хамааран 8-12 ширхэгээр савлагдсан байдаг. Зарим хүн хомоол гэхээр хашаа хороо, ойр орчмоор хөглөрч л байдаг зүйл гэсэн буруу ойлголттой байдаг.

Хөх хомоол гэдэг та бүхний төсөөлж байгаа шиг хаа сайгүй хэвтэж байдаг, гараад түүчихдэг эд биш, маш ховор зүйл гэдгийг хэлмээр байна.

Манайд хэнд ч хэрэггүй, үнэ цэнэгүй хар, халтар, шар хомоолууд ялгагдаж, хаягддаг гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. Бид өчигдөр унасан адууны баас тосож авчхаад борлуулах гээд байгаа юм биш. Монголын тал хээр газар гурван жил “хэвтсэн” хомоол болгон хөхөрдөггүй юм. Тухайлбал, нэг гэр бүлийн гурван гишүүн хомоолд явлаа гэж бодъё. Мэдээж хөх хомоол хайх учир унаатай явж таарна. Унаанд тодорхой хэмжээний шатахуун хийнэ. Замдаа хоол хүнс хэрэглэнэ. Ингэж явлаа ч жинхэнэ хөх хомоол олох эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхэн 8 мянган төгрөгт мэдээж багтахгүй шүү дээ. 8 мянган төгрөгөөр хөх хомоол олно гэвэл маш том эндүүрэл болох байна. Энэ бүхэнтэй харьцуулахад манай бүтээгдэхүүний үнэ тийм ч өндөр биш гэж хэлмээр байна.

-Хүмүүс хэрхэн хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна.

-Тийм ээ. Эерэг сэтгэгдэл сөргөөсөө их байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байгаа. Ахмадууд ч утсаар холбогдон бидний хийж буй ажлыг дэмжиж, зөвлөгөө өгч байгаа нь үнэхээр сайхан санагддаг.

-Цаашдаа төрөл нь нэмэгдэх боломжтой юу. Та бүхэн тэр тал дээр ажиллаж байна уу. Тухайлбал, хүний биед сайн ургамлын төрлөөс орц найрлагад нь нэмэлтээр оруулах гэдэг ч юм уу?

-Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Одоогоор хөх хомоолын орц найрлагыг өөрчлөх талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Дээр дурдсанчлан 100 хувь органик байлгахыг зорьж байна. Харин хайрцаг сав, баглаа боодол, хөх хомоолын ашиг тусыг ойлгуулах тал дээр илүү төвлөрч ажиллах болно.

-Гадаадын зах зээлд гаргах боломжтой юу. Адууны хомоолын бизнес ер нь гадаадын орнуудад байдаг уу. Та бүхэн судалж үзсэн үү.

-Австраличууд хонины хоргол бууцаа дэлхийн олон оронд экспортлодог. Тайландчууд зааны ялгагдсаар цаас хийдэг. Африкчууд зааны бааснаас дэлхийн хамгийн үнэтэй кофены түүхий эд гаргаж авдаг. Япончууд шээстэй түрс зардаг гэх мэтчилэн янз бүрийн бизнесийн талаар сонсож байсан. Адууны хомоолны бизнес зарим улс оронд байхыг үгүйсгэхгүй. Хөх хомоолыг гадаадад суугаа Монголчууд маш их сонирхож холбогдож байгаа. “Тайлбар нь монгол, англи хэл дээр учраас хил гаалиар авч явахад хялбар боллоо, баярлалаа” гэх мэтчилэн сэтгэгдлээ хэлж байна. Бид гадаадын зах зээлд нийлүүлэх бүх бэлтгэл ажил, төлөвлөгөөгөө боловсруулж харилцаа холбоогоо бэхжүүлчихсэн. Одоо хил нээгдэхийг л хүлээж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа.