“Мутацид орсон коронавирусийн халдвартай бүсээс ирсэн бол 14 хоног тусгаарлагдана”

“Мутацид орсон коронавирусийн халдвартай бүсээс ирсэн бол 14 хоног тусгаарлагдана”

Ирэх сараас эхлэн тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, гадаадад буй иргэдээ шат дараатайгаар татан авах ажлыг эрчимжүүлнэ хэмээн Засгийн газраас мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор иргэдийн Монголд ирсний дараа тусгаарлагдах хоногийг 10-аас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн тухай өчигдөр Засгийн газрын ОНХХ-ын дарга Ц.Ганзориг мэдээлж байв. Гэхдээ  энэ нь тухайн иргэн ямар бүс нутгаас ирснээс шалтгаалах аж.

Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын мэдээллийн үеэр тэрбээр "Гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлалтын хоногийг цөөн болгосон. Гэхдээ шинэ коронавирусийн мутацид орсон хэлбэр нь тархсан бүс нутгууд бий. Тухайлбал, Их Британи, Өмнөд Африк, Бразил зэрэг мутацид орсон хувилбар тархсан орнуудаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг 14 байлгах нь зүйтэй гэх байр суурийг ЭМЯ-ны зүгээс илэрхийлсэн.

Тиймээс гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоног нь ирэх бүс нутгаас нь шалтгаалж 10-14 хоног байхаар болсон. Өөрөөр хэлбэл, мутацид орсон коронавирусийн халдвар тархсан бүсээс ирэх иргэд 14 хоног, бусад бүсээс ирж байгаа иргэд 10 хоног тусгаарлагдана.

Тусгаарлалтын хоног, төлбөрийн хувьд ч энэ удаа өөрчлөлт орж байна. Өмнө нь хоногийн 50 мянган төгрөгөөр буудлууд өрөөгөө тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулдаг байсан. Ийм үнээр авч байгаа буудлын өрөөгөө гадаадаас ирж байгаа иргэд голох асуудал гардаг тул үүнийг харгалзан үзэж тусгаарлах байрыг гурван шатлалтай болгож байгаа. 50 мянга болон түүнээс дээш хоёр шатлалын зардлаар иргэд өөрөө тусгаарлах байраа сонгох боломжтой болсон" гэлээ.