А.Амбасэлмаа: Манай улсад коронавирусийн мутациар өвчилсөн иргэн байхгүй

А.Амбасэлмаа: Манай улсад коронавирусийн мутациар өвчилсөн иргэн байхгүй

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 2493 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 1802 иргэн эдгэрсэн бол 678 хүн эмчлэгдэж буй. Тэгвэл нийт батлагдсан халдварын тохиолдол дунд мутацилагдсан вирусээр өвдсөн иргэн байгаа эсэхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. 

Тэрбээр “Одоогоор манай улсад хувиралд орсон вирусийн мутациар өвдсөн хүн байхгүй. Манай вирус судлалын лабораторид хэрэглэгдэж байгаа оношлуурууд мутацид орсон вирусийг таньж чадна. Манайд Солонгос, БНХАУ-аас оношлуур нийлүүлж буй үйлдвэрлэгчид “шинжилгээг хийх явцад мутацилагдсан вирусийг илрүүлж чадна” гэдэг албан бичгийг явуулсан. Хоёрдугаарт, бид иргэдээс авсан баталгаажуулах шинжилгээгээ дэлхийн олон улсын лавлагаа лабораторид байнга явуулж, дэлхийн генийн банканд бүртгүүлдэг. Ингэхэд “та бүхний хийж буй шинжилгээ 100 хувь үнэн байна” гэдэг хариу ирсэн. Тиймээс эргэлзэх зүйл байхгүй. Хэрэв мутацид орсон вирус байвал манай лаборатори илрүүлж чадна” гэв.