Гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийг  хүлээн авахаар төлөвлөж байна

Гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийг  хүлээн авахаар төлөвлөж байна

Гадаад харилцааны яамнаас энэ сарын 26-ны өдөр гадаадад гацсан иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг болон вакцины татан авалт,  бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 9311 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бид эдгээр иргэдээ татан авахын тулд тусгай нислэгийн тоог 13-14 болгон нэмэгдүүлж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломжтой болсон. Иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох, тусгаарлах байранд 10 хоног, гэртээ дөрөв хоног тусгаарлах боломжтой болсон.

Засгийн газар эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд татан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Удахгүй дөрөвдүгээр сарын тусгай нислэгийн хуваарийг танилцуулна. Бид цаашдаа олон улсын нислэгийг үе шаттай нээх, нислэгийн тоог тогтмолжуулах, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх талаар холбогдох яриа хэлэлцээг хийж, талуудтай ярилцаж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийг  хүлээн авахаар төлөвлөж байна" гэсэн юм.