Дуудлага худалдааны дараа автомашины дугаарын шагийн үнэ 20 сая төгрөг болтлоо өсжээ

Дуудлага худалдааны дараа автомашины дугаарын шагийн үнэ 20 сая төгрөг болтлоо өсжээ

Азын гэж нэрлэдэг автомашины ижил тоотой дугаарыг дуудлага худалдаанд оруулж, иргэдэд олгодог болгох чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн тул бэлтгэл ажил хангагдаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар өнгөрөгч аравдугаар сар /2020.10 сар/-д мэдэгдэж байв. 

Ингээд энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатарын УАР серитэй ижил тоотой автомашины дугаарыг үнэ хаялцуулан худалдах ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж эхэлсэн. Гэтэл дуудлага худалдаанд оролцох иргэдийн дэнчинг 50 мянган төгрөгөөр тогтоосон нь “автомашины азын гэх дугаарын үнийн хий хөөсрөл” болоход нөлөөлөөд байгаа юм. 

-ДУУДЛАГА ХУДАЛДААНААС ӨМНӨ 4 САЯ ТӨГРӨГ БАЙСАН АВТОМАШИНЫ ДУГААРЫН ШАГИЙН ҮНЭ 20 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ-

Тодруулбал, Дуудлага худалдааг зохион байгуулах удирдамжийн гуравт зааснаар оролцогчийн үнэ өсгөх доод хэмжээ нь 50 мянга, дээд хэмжээ нь нэг сая төгрөг байна гэж заажээ. Иймд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дуудлага худалдаанд оролцох дэнчингийн мөнгө хэтэрхий бага тул иргэд амандаа орсон үнээ хэлж үнийн хөөрөгдөл үүсгэж байгаад 24 цагийн дотор авалгүй тус дугаарын үнийг унагаан, хямдхан аваад цахим орчинд үнэ хүргэж зардаг талаар мэдээлж байгаа юм. Тодруулбал, дуудлага худалдаа зохион байгуулагдахаас өмнө facebook хуудаст байх “азын дугаарын тусгай групп”-д азын гэх ижил тоотой автомашины дугаарууд дараах үнэ ханштай байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Жишээ нь дуудлага худалдаанаас өмнө

  • 9595 УБ* 800 мянга
  • 2772 УБ* 1,3 сая
  • 3344 У** 1.6 сая
  • 0040 У** 2 сая
  • 7000 У** 2,5 сая
  • 0606 У** 4 сая төгрөг гэх мэт ханштай байжээ.

Харин одоо тус группд азын гэх автомашины дугаарын шагийн үнэ 1 саяаас 20 сая төгрөг хүртэлх мөнгөн дүгээр худалдаж, бэлэн мөнгө болон автомашинаар солилцоо хийж эхэлжээ. Бид “азын дугаар зарна” гэсэн иргэдтэй холбогдож, үнийн мэдээллийг нь тодруулахад, 

Дуудлага худалдааны дараа

  • 5599 У** 1 сая
  • 1011 У** 1,5 сая
  • 5544 У** 2 сая
  • 8111 У** 2 сая
  • 0600 У** 2 сая
  • 1818 У** 3,5 сая
  • 0330 У** 3 сая
  • 6999 У** 4 сая
  • 9898 У** 4,5 сая
  • 0888 У** 6 сая
  • 8181 У** 10 сая
  • 0707 У** 20 сая гэх мэт ханштай болсон байна. 

Мөн иргэдээс утсаар тодруулахад “үнээ хямдруулахгүй, хэрэв авна гэвэл Авто тээврийн үндэсний төв дээр хамт очоод шилжүүлээд өгнө” гэсэн юм. Мөн тус группд байдаг иргэдийн ихэнх нь дуудлага худалдаанд дэнчин тавьж  оролцдог ажээ. Үүнээс үзэхэд ЗТХЯ-наас зохион байгуулсан “дуудлага худалдаа”-ны үйл ажиллагаа нь автомашины дугаарын үнийг хиймлээр өсгөж, шагийн худалдааг ихэсгэсэн байж болзошгүй байгаа юм.

-Л.ХАЛТАР САЙДЫН ХАРИУЦСАН АЖИЛ БҮТЭЛГҮЙТЭЖ, ҮНИЙН ХӨӨСРӨЛТИЙГ БИЙ БОЛГОЧХОВ УУ-

“Дуудлага худалдааны бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын мэдэгдэж байсан энэхүү ажил нь ийнхүү амжилтгүй болж үүний ард шагчдын бизнес цэцэглэж буй нь харамсалтай.  Энэ талаар зарим иргэд “төрийн санаачилсан ажил хэдхэн ченжийн мэхэнд уналаа” хэмээж буй юм. Гадаад улс орнуудад азын дугаарыг дуудлага худалдаагаар оруулж, нийтэд худалддаг жишиг мөн байдаг бөгөөд дуудлага худалдаанд оролцох дэнчинг зах зээлийн эрэлттэй уялдуулж, өөр өөрөөр тогтоодог байна.

Энэ талаар 0003 УАР автомашины дугаарыг 121 сая төгрөгт дуудаж, өсгөөд, шалгарсан ч тус дугаараа аваагүй иргэн “Миний хувьд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж, сонирхоод л орсон юм. Анхнаасаа ямар нэг дугаар авъя гэсэн зорилго байгаагүй. Хүмүүсийн анзаарахад тухайн үед сонирхож л орсон болов уу. Түүнээс биш өндөр үнэ хэлж азын дугаар авъя гэсэн хүн нэг их байхгүй санагдсан” хэмээн өгүүлж байсан юм. Тиймээс дуудлага худалдааг хэдэн ченжийн ашиг, олзыг өсгөх ажил бус журмын дагуу зохион байгуулалттай, хариуцлагатай хийж, олон нийтэд ашиг тустай ажил болгох шаардлагатай байгаа юм.