Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тиймээс тус аймагт энэ сарын 3-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж шийдвэр дуусгавар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон бөгөөд нутаг буцах үед нь PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Тэд одоогоор Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм.
Увс аймгийн Онцгой комиссоос “Ойрын хавьтал болсон 154 хүний шинжилгээг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн. Бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа болон автомашины орж, гарах хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр наадам, тэмцээн зохион байгуулахгүй” гэж мэдээллээ.