Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгч Сейко Хашимото өчигдөр/2021.03.03/ Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бахтай онлайн уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Токиогийн олимпийг гаднын улс орнуудаас ирсэн үзэгчгүйгээр зохион байгуулах талаар ярьжээ. Энэ талаар Японы “Майничи” хэмээх сонин мэдээлсэн бөгөөд ингэхдээ хуралдаанд оролцсон эх сурвалжийн нэрийг нууцлан мэдээлэл авсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр "Одоогийн нөхцөлд гадаадын үзэгчдийг авчрах боломжгүй байгаа тул Засгийн газар ийм хувилбарыг ярьж байна. Энэ сарын эцэс гэхэд уг хувилбарыг эцэслэн шийдвэрлэнэ” гэжээ.
Уулзалтын дараа Томас Бах ч сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр зайлшгүй нөхцөл байдалд хатуу шийдвэр гаргаж болзошгүйг хэлж, “бид зөвхөн гол зүйл /тэмцээн/ дээрээ төвлөрнө” хэмээжээ. Мөн тэрбээр тамирчдыг аль болох вакцинд хамрагдахыг уриалсан байна.
“Токио 2020”/цар тахлын улмаас хойшилсон тул энэ нэрээр зохион байгуулж буй/ олимпийн нээлт ирэх долдугаар сарын 23-нд товлогдсон. Одоогоор бэлтгэл ажил явагдаж байгаа ч олон нийтийн дунд явуулсан судалгаагаар 80 хувь нь эсэргүүцээд байгаа юм.
Эх сурвалж: Apnews