УДЭТ-ийн слесарь, өлгүүрчин гэх мэт нийт 80 гаруй иргэнээс халдвар илэрсэн байж болзошгүй байна

УДЭТ-ийн слесарь, өлгүүрчин гэх мэт нийт 80 гаруй иргэнээс халдвар илэрсэн байж болзошгүй байна

Сүүлийн үед нийслэл хотод коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, томоохон голомтууд үүссээр байна. Эрүүл мэндийн яамнаас энэ талаар мэдээлэхдээ “Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй байр, орц, гудамж гэж нэгээхэн ч үгүй болсон. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байна. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд, нэн хүнд хүний тоо мөн нэмэгдлээ” хэмээж байгаа юм.

-УДЭТ-ИЙН ХАЛДВАРЫН ГОЛОМТ МАН-ЫН 100 ЖИЛИЙН
ОЙГООС ЭХТЭЙ ЮУ-

Тэгвэл нийслэлд үүсээд буй томоохон голомтуудын нэг нь Улсын драмын эрдмийн театр болоод байна. Тус голомтоос одоогоор 80 гаруй хүн халдвар аваад байгаа бөгөөд өчигдөр хавьтал болсон сүүлийн 240 гаруй иргэн шинжилгээнд хамрагдсан юм. УДЭТ-т өнгөрсөн гуравдугаар сарын 4-нөөс эхлэн тоглогдсон "Анна Каренина" жүжгийг үзсэн болон театрын ажилчид болох 900 гаруй иргэнийг яаралтай шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа талаар УОК-оос өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн. Учир нь тус байгууллагын 54 ажилтнаас халдвар илэрсэн нь ням гарагт тогтоогдож, тус жүжгийг нэн даруй зогсоосон юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдвар илэрсэн талаарх мэдээллийг дуулгамагц тоглогдож байсан жүжгийг талаас нь зогсоон, үзэгчдийг тараасан бөгөөд үлдсэн гуравдугаар сарын 14 хүртэлх тоглолтын тасалбар захиалсан иргэдийн төлбөрийг буцаан олгох аль эсвэл тоглолт зөвшөөрөгдсөн цагт үзэх шийдвэрийг гаргаад байгаа аж. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн тус жүжгийг үзсэн 432 иргэн шинжилгээнд хамрагдаж дууссан ба өчигдөр сүүлийн 247 иргэн УДЭТ дээр очиж PCR шинжилгээнд хамрагдсан.

Манай редакцид өгсөн эх сурвалжийн мэдээллээр, одоогоор тус байгууллагын слесарь, өлгүүрчин, гэрэлтүүлэгч гэх мэт 50 гаруй ажилчдаас халдвар илрээд байгаа бөгөөд тоглолт үзсэн 30 гаруй иргэнээс ч мөн халдвар илэрсэн байж болзошгүй байна.

Мөн тухайн иргэд явсан газар, хавьтал болсон хүмүүсээ мэдээлэхдээ худлаа мэдээлсэн тохиолдол ч гарсан байх магадлалтай байна. Учир нь зарим иргэдийн банкны картын гүйлгээг шалгаж, маршрутыг тогтоох явцад асуумжинд хариулсан хариултаас зөрсөн тохиолдол гарсан байж болзошгүй байгаа аж. Мөн эх сурвалжийн мэдээлснээр, тухайн театрын нэр бүхий жүжигчид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болж өнгөрсөн МАН-ын 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтонд оролцсон бөгөөд иргэд халдварын эх үүсвэрийг тус тоглолтоос үүсэлтэй байж болзошгүй хэмээн хардаж эхэлжээ. Хэрвээ халдвар МАН-ын 100 жилийн ойн тоглолтоос үүсэлтэй бол маш олон хүний эрүүл мэнд эсрдэлд орсон байх магадлалтай юм.

-УДЭТ ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР БАРИМТЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛСЭН Ч ТУС БАЙГУУЛЛАГЫН АГААР СЭЛГЭЛТ, АГААРЖУУЛАЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙВ УУ-

Тус театрын ажилчдаас халдвар илэрсэн талаарх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа театраас гаргасан мэдэгдэлд “Манай театр гуравдугаар сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын PCR шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Ингээд “Анна Каренина” жүжгийн сургуулилтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр жүжгийн тоглолтыг

  • гуравдугаар сарын 4-нд 196 үзэгчтэйгээр,
  • гуравдугаар сарын 5-нд 236 үзэгчтэйгээр,
  • гуравдугаар сарын 6-нд 247 үзэгчтэйгээр тоглолтоо хийсэн бөгөөд гурван өдрийн хугацаанд нийт 679 хүнд үйлчилсэн” хэмээн дурдсан байна.

Харин УОК-оос 900 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж мэдэгсэн бөгөөд үлдсэн 220 гаруй иргэн нь театрын ажилчид болон тэдний ойрын хавьлын иргэд бололтой. Тус байгууллагад халдвар маш эрчимтэй тархсан нэг шалтгаан нь агааржуулалт муутай орчинд олон хүн 3-4 цаг болсонтой холбоотой байж болзошгүй байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамждаг тул олноороо агааржуулалт муутай орчинд байх нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Тиймээс ойр ойрхон өрөө тасалгаандаа агаар сэлгэлтийг маш сайн явуулж байх нь чухал гэдгийг удаа дараа мэдээлсээр байна. Харин мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар тус театрт агааржуулалт, салхивчийн инженерийн шийдэл анхнаасаа хийгдээгүй бөгөөд гэрэл, дуу, техник тайзны албаныхан болон үйлчлүүлэгчдийн өрөө ямар ч цонх байхгүй аж.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө