"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулахад 18.4 тэрбум төгрөг зарцуулжээ

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулахад 18.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Сар шинийн баярын үеэр Улаанбаатар хотод 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяныг хийж гүйцэтгэсэн билээ. Гэсэн ч сүүлийн үед халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул зарим иргэд тус аяныг үр дүнгүй ажил болсон хэмээж байгаа юм.

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийжээ. Энэхүү аудитын дүгнэлтийг үндэслэн, Шадар сайдад 10, Эрүүл мэндийн сайдад 7, НОК-т 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн ҮАГ-ын 4 дүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням мэдээллээ. Тэрээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн талаар "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг арга хэмжээг зохион байгуулахад 57 тэрбумыг төлөвлөжээ гэх мэдээлэл гарч байсан ч Засгийн газраас 30.7 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталсан. Үүнээс 18.4 тэрбум төгрөгийг зарцуулсан" гэв.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн юм.