МАН-ын төв байранд халдвар илэрч, 11:00 цагаас хойш нийт 66 тохиолдол шинээр бүртгэгдсэн үү

2021-03-11 17:44

МАН-ын төв байранд халдвар илэрч, 11:00 цагаас хойш нийт 66 тохиолдол шинээр бүртгэгдсэн үү

Өнөөдөр МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны байрыг битүүмжилж, хөл хорио тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, тус барилгын бүх хаалгыг хааж тууз татаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосныг харахад коронавирусийн халдвар илэрсэн бололтой хэмээн таламаглаж байсан юм. Бид энэ талаар НОК-оос тодруулахад, “Сэжигтэй тохиолдол, эсвэл халдвар илэрсэн бол байршлуудыг хамгаалалтад авч, битүүмжилж байгаа. Гэхдээ яг Тусгаар тогтнолын ордныг хааж битүүмжилсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна” хэмээж байсан.

Тэгвэл өглөөний ЭМЯ-ны мэдээллээс хойш нийт 66 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Одоогоор тус батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд БШУЯ болон Төрийн ордонд халдвар илэрч баруун, зүүн жигүүрийг тусгаарлалтанд аваад байж болзошгүй байна. Өнөөдөр мөн аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд болсон бөгөөд орой нь үргэлжлүүлэн МАН-ын төв байранд хүлээн авалт болох байсан ч цуцлагдаад байгаа аж.

2021-03-11 14:50

ШУУРХАЙ МЭДЭЭ: Тусгаар тогтнолын ордонд НЭГ Ч ХҮН ҮЛДЭЭЛГҮЙ хааж, хаалгыг нь битүүмжилжээ

Сүүлийн үед нийслэл хотод коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, томоохон голомтууд үүссээр байна. Эрүүл мэндийн яамнаас энэ талаар мэдээлэхдээ “Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй байр, орц, гудамж гэж нэгээхэн ч үгүй болсон. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байна” гэж мэдээлж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны байрыг битүүмжилж, хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус барилгын бүх хаалгыг хааж тууз татаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосныг харахад коронавирусийн халдвар илэрсэн бололтой.

Тусгаар тогтнолын ордоны төв хаалга 2021.03.11

Бид энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Сэжигтэй тохиолдол, эсвэл халдвар илэрсэн бол байршлуудыг хамгаалалтад авч, битүүмжилж байгаа. Гэхдээ яг Тусгаар тогтнолын ордныг хааж битүүмжилсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна” гэсэн юм. 

Харин МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд биднийг очиход төв хаалга болон авто зогсоолын хэсгийг битүүмжилж, автомашинуудыг гарган орох, гарах хаалганд тууз татсан байлаа.

Мөн тус ордны ойр орчим болон дотор нь хүн байсангүй. Мөн тус барилгын нэг давхарт байрладаг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ арын хаалгаар нь ордог бөгөөд мөн л цоожилж, түгжсэн байв. Сүүлийн үед үүсээд байгаа халдварын томоохон голомт болох УДЭТ-тай холбоотой 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдэгдсэн. Харин зарим иргэдийн зүгээс УДЭТ-ийн халдвартай иргэн МАН-ын 100 жилийн ойд оролцсон байх магадлалтай. Учир нь тухайн театрын нэр бүхий жүжигчид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болж өнгөрсөн МАН-ын 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм.