ЗГ-ЫН 43-Р ТОГТООЛ: Төрийн албаны цалинг нэмэхгүй ч, зарлагдсан бол фитнесийн төхөөрөмж авч болно

ЗГ-ЫН 43-Р ТОГТООЛ: Төрийн албаны цалинг нэмэхгүй ч, зарлагдсан бол фитнесийн төхөөрөмж авч болно

Засгийн газрын хоёрдугаар сарын 17–ны өдөр /2021.02.17/-ийн хуралдаанаар “энэ оныг дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх"-ээр шийдвэрлэсэн байдаг. 

Энэ талаар Засгийн газрын хэвлэлээс албанаас “Үр ашиггүй зардлыг бууруулж шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх. Албан бичиг хэрэг хөтлөлтөд бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах” гэсэн агуулгатай албаны товчхон мэдээлэл гарч байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл хэмнэлтийн горимд шилжүүлэхийг зохицуулсан “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоол хоёрдугаар сарын 17 –ны өдөр гарсан байжээ. Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХГҮЙ, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ БОДОГДОХГҮЙ-

Харин тус 43 дугаар тогтоолд “төрийн байгууллагууд батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцох” гэж заажээ. Ингэхдээ тус тогтоолын 1.2 –д “өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэжээ. Мөн тогтоолын 1.3 –д “төрийн байгууллагын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх” гэж заасан байна. Товчхондоо, энэ онд төрийн байгууллагын алба хаагчдын цалин нэмэгдэхгүй, шагнал урамшуулал олгогдохгүй, мөн тэтгэвэрт гарч байгаа хүний ажлын байр царцахын зэрэгцээ, түүний оронд шинээр хүн томилохгүй байхыг үүрэг болгожээ. 

-ЗАРЛАГДСАН БОЛ АВТОМАШИН, ТАВИЛГА, ФИТНЕСИЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЧ БОЛОХ УУ-

Хачирхалтай нь, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан бол төрийн байгууллагууд автомашин, конторын тавилга, фитнесийн тоног төхөөрөмж зэргийг худалдан авч болох бололтой. Учир нь 43 дугаар тогтоолын 1.4 –д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэжээ тусгажээ. 

Мөн тус тогтоолын 1.9 –д “бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэрэг, цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зэрэг зардлыг бууруулах” чиглэлийг өгсөн байна.

Сонирхуулахад, төрийн байгууллагад 200 орчим мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон мэдээлэл бий. Мөн 2021 оны энэхүү 43 дугаар тогтоол нь коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт хамаатай ажээ.