ТАНИЛЦ: Монгол бүсгүйчүүд дэлхийн загварын ертөнцөд гялалзаж байна

ТАНИЛЦ: Монгол бүсгүйчүүд дэлхийн загварын ертөнцөд гялалзаж байна

Хэрэв та Европын орнуудаар аялбал Монголынхоо загвар өмсөгчдийн зургийг томоохон брэндүүдийн дэлгүүр, сурталчилгааны самбаруудаас цөөнгүй харах болов уу.

Учир нь Монголын  загвар өмсөгчид Парис, Милан, Нью-Йоркийн тайзнаа алдартай загвар зохион бүтээгчдийн хувцсыг амилуулж, дэлхийд нэртэй брэндийн нүүр царайгаар сонгогдож, хувцас загварын салбарт гялалзаж байна. Бид энэ удаад Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж буй загвар өмсөгч бүсгүйчүүдийг онцолж байна.

Ж.ЭНЭРЭЛ

-МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧДӨӨС ХАМГИЙН АНХ НЬЮ-ЙОРК, ПАРИС,
МИЛАНЫ ЗАГВАРЫН ШОУНУУДАД ОРОЛЦСОН Ж.ЭНЭРЭЛ-

Монголын загвар өмсөгчдөөс цахиур хагалж хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцсон Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Тэрээр Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэлд суралцан, 24-р дунд сургуулийг төгсжээ. 14 настай байхад нь Ж.Энэрэлийг ээж нь "Торго" загварын агентлагт элсүүлж, алхаа гишгээ болон биеэ авч явах соёлд сургахыг хүссэнээр түүний загварын карьер эхэлсэн гэж хэлж болно. Учир нь чухам энэ үеэс Ж.Энэрэл загвар өмсөгч болох хүсэлтэй болжээ. Ж.Энэрэлд тухайн үед "Торго" агентлагийн багш Г.Оюунгэрэл хичээл ордог байсан бөгөөд түүний хувьд ээжээсээ өөр эмэгтэй хүнийг анх удаа биширч, үлгэр дууриалал авч байсан гэдэг.

Тэрбээр үндэсний хэмжээнд “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand” гэх мэт томоохон брэндүүдийн нүүр царай болохоос гадна маш олон дизайнерын цуглуулгын сурталчилгаанд оролцож байсан. 2016 онд Нью-Йоркийн “MUSE” загварын агентлагтай гэрээ байгуулснаар түүний дэлхийн загварын салбарт орох “үүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Гэрээ байгуулснаас нэг жилийн дараа Ж.Энэрэл Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загваруудыг амилуулсан юм.

Мөн Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, алдарт “Seventeen” болон “Elle” сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож байсан туршлагатай. 14 настайгаасаа загвар өмсөгч болохыг мөрөөдсөн түүний анхны  томоохон амжилт 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн нь байв. Үүний дараа “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн юм. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан хэмээн ярьсан байдаг.

Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй одоо "NYC Muse Model Management", "MP Paris", "MP Milan", "MandP London" агентлагуудад харьяалагдан ажиллаж байна. Түүний хамгийн сүүлийн үеийн амжилт гэвэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болсон нь юм. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол болсон билээ. Мөн сүүлд тэрбээр “Alexandr McQueen”, “Hermes”, “Balenciaga” зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд голлох моделиор оролцсон юм.

О.АРИУНЗУЛ

-ГЕРМАНЫ ТОМООХОН СЭТГҮҮЛҮҮДИЙГ ЧИМЖ БУЙ ЗАГВАР ӨМСӨГЧ О.АРИУНЗУЛ-

О.Ариунзул анх 13 настайдаа “Үнсгэлжин” наадамд оролцож “өсөх-ирээдүйтэй” загвар өмсөгчөөр шалгарч байсан нь загварын салбарт ороход хамгийн ихээр нөлөөлж байсан гэдэг. Үүний дараа “Хаврын гоёл” наадамд оролцож, “Шилмэл загвар” агентлагаас загварын гараараа эхэлжээ.

Түүний хувьд Монголын “Gobi Cashmere”, “Moncouture”, “Yalguun” зэрэг брэндүүдийн нүүр царай болохын сацуу томоохон загварын наадмуудад оролцож байсан туршлагатай. Мөн 2020 онд загварын салбарынхны нэр хүндтэй наадам болох “Гоёл”-д оролцож шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байв. Үүний дараа Германд сурахаар хилийн чанадыг зорьсон бөгөөд хажуугаар нь загварын карьераа идэвхтэй “хөөж” явна.

Германд очсоныхоо дараа тэрбээр загварын томоохон тайзнаа алхаж, алдартай брэндүүдийн зураг авалтад оролцох болжээ. Тухайлбал, Италийн “Pap Magazine”, “Off-white” Английн “Marie Claire”, “H&M”, “Viervier” зэрэг алдартай брэндүүдийн хувцсыг амилуулсан байна. Мөн Английн “Debenhams” гээд их дэлгүүрийн хувцасны фото моделиор ажиллаж байна. О.Ариунзул зөвхөн хувцас загвар бус гоо сайхны бүтээгдэхүүний ч фото модель болж, саяхан Германы “Douglas cosmetics”-тай хамтран ажилласан юм.

НОРА

-“СHANEL”,“HERMES”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН МОНГОЛЫН АНХНЫ
ЗАГВАР ӨМСӨГЧ НОРА-

Загвар өмсөгч Нора. Хувцас загвар сонирхдог хүн бүхэн түүнийг таних болов уу. Өвөрмөц төрхөөрөө онцгойрдог түүний жинхэнэ нэрийг Д.Оюунномин гэдэг. Монгол моделиуд дундаас олон улсад хамгийн өндөр амжилт гаргасан тэрбээр Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонконгийн загварын агентлагт харьяалагдахын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй “Chanel”, “Hermes”, “Vivienne Westwood” /брэнд дизайнер/, “Emilio Pucci” зэрэг брэнд болон Монголын бүхий л чадварлаг, томоохон дизайнеруудтай хамтран ажилладаг.

Тэрбээр 2014 онд Нью-Йоркт гэрэл зургийн чиглэлээр суралцаж, 2016 онд төгссөн. Үүнээс өмнө Нора Сингапурт өөр чиглэлээр сурч байсан ч хүсэл мөрөөдлөө дагаж, зориг гарган, сургуулиасаа гарч Миланыг зорьж байжээ. Миланд очиж загвар өмссөн Монгол модель тийм ч олон биш. Харин Нора анхны цахиурыг хагалсан гэж хэлж болно. Тэрбээр одоо Италид амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед Америкийн алдарт дизайнер Жонни Котатай хамтран ажиллаж байна.