Дундговь аймгийн төрийн алба хаагчид хамтран малчдын малыг олж, бөөгнүүлэх ажилд оролцож байна

Дундговь аймгийн төрийн алба хаагчид хамтран малчдын малыг олж, бөөгнүүлэх ажилд оролцож байна

Дундговь аймгийн онцгой комиссын гишүүдээс бүрдсэн  “Хариу арга хэмжээ авах “ дөрвөн  ажлын хэсэг хохирол ихээр амссан сумдад ажиллаж байгаа ажээ.

Тодруулбал, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дэрэн, Цагаандэлгэр суманд ажиллаж малчид, иргэдтэй уулзан шорооны шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.

Шуурганы улмаас амь эрстсэн иргэний ард гэрт аймгийн Засаг даргын нөөцөөс 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг хүлээлгэн өгч  эмгэнэл илэрхийлжээ

Дэрэн сум 457 малчин өрхийн  260 мянга 357 толгой малтай. Энэ сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон шороон шуурганы улмаас тус сумын 260 орчим өрх  150 гаруй мянган малаа шуурганд уруудуулж алджээ. Шуурганаас хойш 3 хоногийн хугацаанд малчид уруудуулсан малын араас эрж хайсаар  70 гаруй мянган толгой мал олсон урьдчилсан байдлаар  10 орчим  мянган толгой малын зүй бус хорогдол бүртгэгдээд байна.

Малчид айл хотлоороо хамтран сумаас урагш 40-50 км явж хэдэн мянган мал нэг дор  бөөгнүүлээд дараа нь айл айлаараа  ялгаж  авч байна. Шороон шуурга газрын хөрсийг үндсээр нь цохиж мал идэх өвсгүй болгосон учир энэ хаврын нөхцөл байдал ихээхэн хүндрэх төлөвтэй байгааг малчид хэлж байна. Одоогоор малчдад малаа эрж хайхад бензин тосны дэмжлэг цаашлаад амьд үлдсэн хэдэн малаа тэжээх өвс, тэжээлийн дэмжлэг нэн түрүүнд шаардлагатай болж байгаа аж. Дэрэн сумын 59 төрийн албан хаагчид 13 ажлын хэсэг болон малчдыг малаа олж бөөгнүүлэх, ялгах, тууварлах зэрэгт нь дэмжлэг тусламж үзүүлж байна.