Байгаль орчныг хамгаалах тэмцлийн хүрээнд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудалд хуванцар савтай цэвэр ус худалдаалахыг хориглож байгаа тухай телевизийн “Fox News” суваг мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, хориг наймдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд агаарын боомтын нутаг дэвсгэр дэх савласан ус худалдах бүх цэгт үйлчилнэ. Хуванцар лонхтой усыг зоогийн газрууд, кафе, автомат машинуудаас худалдаж авах боломжгүй болно. Зорчигчдод дахин ашиглах боломжтой шилэн сав авчрахыг зөвлөж байгаагийн зэрэгцээ хөнгөн цагаан эсвэл шилэн сав худалдаж авахыг санал болгох аж.
Шинэ журмыг зөрчсөн хүмүүст ямар нэгэн шийтгэл оногдуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сан-Францискогийн нисэх онгоцны буудалд өмнө нь хуванцар саванд хоол хүнс худалдах болон, хуванцар соруулыг хориглосон юм. Калифорни муж улс нь хүрээлэн буй орчныг хамгаалах, ялангуяа нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнтэй тэмцэхэд АНУ-ын муж улсуудыг манлайлж байгаа юм. Тус муж улсын эрх баригчид гялгар уут хэрэглэхийг хориглох анхны хуулийг 2014 онд баталжээ.