О.Амартүвшин нар дээр нэмэгдэж Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар АН-ын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй

О.Амартүвшин нар дээр нэмэгдэж Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар АН-ын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй

Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр дотоод сонгуулийн товыг зарлаад байсан. Иймд энэ долоо хоногийн эхээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Эрдэнэтэй уулзан зөвшилцөлд хүрч, АН-ын дараагийн даргыг тодруулах сонгуулийг энэ сарын 28 –ны өдөр нэгдэж хийхээр болсон байгаа юм. 

Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус намын дараагийн даргыг тодруулна гэж мэдэгдэж байсан бол Ц.Туваан тэргүүтэй гишүүд энэ сарын 28-ны өдөр тодруулна гэж мэдэгдээд О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нарын дөрвөн хүнийг бүртгэж сонгуулийн сурталчилгааг эхлүүлээд байсан юм. 

Тэгвэл эдгээр дөрвөн хүнтэй АН-ын даргад өрсөлдөх хүмүүс өнөөдөр /2021.03.19/ нэмж бүртгүүлээд, энэ сарын 28 –ны өдөр болох цахим санал хураалтад оролцох ажээ. Энэ талаар АН-аас хэвлэлийн зарлал гаргасан байна.

Тэгвэл, АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, НИТХ-ийн төлөөлөгч М.Тулгат, Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хуульч Ч.Өнөрбаяр, түүхч О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлж магадгүй байгаа ажээ.