Баруун аймгуудад ажиллаж Улаанбаатар хотод ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ

2021-03-19 16:53

Халдвар авсан нь батлагдсан иргэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад очсон байжээ

Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт очиж ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмж урсралтын хоёр мэргэжилтэн халдвар авсан талаар бид мэдээлсэн. Аймгийн Онцгой комиссоос “эдгээр хоёр иргэн нь гуравдугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаад тус өдрөө баруун аймгууд руу ажлаар явсан” хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл халдвар авсан тус иргэд Улаанбаатар хотоос ирэхдээ Ховдоор дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан байна. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж тоног төхөөрөмж угсарчээ. Тус аймагт таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу гарсан байна. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрчээ. Ингэхдээ Өвөрхангай аймагт ажилласан байгаа юм.

Эх сурвалж: Ховд аймгийн засаг даргын тамгын газар 

2021-03-19 13:53

Баруун аймгуудад ажиллаж Улаанбаатар хотод ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Өвөрхангай аймагт энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос очсон эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн чиглэлээр ажилладаг хоёр мэргэжилтнээс коронавирус илэрчээ. Тус хоёр иргэн нь гуравдугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгсөн бөгөөд 10-ны өдөр “сөрөг” гарснаар Өвөрхангай аймаг руу зорчжээ.

Өвөрхангай аймагт очоод “Өшиг” гэх зочид буудалд байрлаж, 12-ны өдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тоног төхөөрөмж суурилуулсан байна. Үүний дараа ажлаар баруун аймаг руу зорчжээ. Улмаар эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээр гуравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод шинжилгээ өгөхөд өчигдөр буюу 18-ны өдөр шинжилгээ нь эерэг буюу халдвартай гэж гарсан байна. 

Аймгийн онцгой комисс өчигдөр /2021.03.18/ 23.00 цагаас эхлэн тус иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон, бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож ажиллаж байна. Мөн халдварын голомт болсон "Өшиг" зочид буудал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түр хугацаагаар хааж, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргажээ.  

ҮЗЭХ: