"Фэйсбүүк” компани 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан “Instagram” платформын цоо шинэ хувилбар гаргах гэж байгаа талаараа мэдээллээ. Тус компанийн сошиал нийгмийн сүлжээний платформуудад насанд хүрээгүй хүн хаяг үүсгэх боломжгүй байдаг тул хүүхдүүд өөрийн бүртгэлээ хуурамчаар хийж, хаяг нээх нь түгээмэл байдаг аж.
Тиймээс "Фейсбүүк" 13-аас доош насныханд тусгайлан зориулсан, эцэг эхийн хяналт дор ашиглах боломжтой “Инстаграм”-ын шинэ хувилбар гаргахаар бэлдэж эхэлсэн байна.
Шинэ хувилбар нь 6-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан “Messenger Kids” аппликейшнтэй зарим талаараа төстэй байх юм. Үүнээс гадна аюулгүй ажиллагааны шинэ горимуудыг нэвтрүүлэх гэнэ. Тухайлбал, хүүхэд насанд хүрсэн хүнтэй харилцах, эсвэл 18-аас дээш насны хүн тухайн хүүхэд рүү мессеж бичих үед эцэг эхчүүдэд нь мэдэгдэл очих аж. Үүнээс гадна насанд хүрэгчдийг Instagram дээрээс өсвөр насны хүүхдүүдийг олох, дагахад илүү төвөгтэй болгох хайлтын функцийг нэвтрүүлж байгаа юм байна.
Австралийн “eSafety” байгууллагаас өсвөр үеийнхний интернет ашиглалтад хийсэн судалгаагаар Австралийн өсвөр насны хүүхдүүдийн 57 хувь нь Инстаграм ашигладаг бөгөөд эдгээрийн 30 хувь нь үл таних хүнтэй холбоо барьж байсан, 20 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохисгүй, хүсээгүй агуулга илгээсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Guardian