Зургаан сумын 23 өрх огт малгүй болжээ

Зургаан сумын 23 өрх огт малгүй болжээ

Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 674.6 мянган толгой мал хорогджээ. Хамгийн их хорогдол Баянхонгор аймагт тоологдсон бөгөөд тус аймагт 344.9 мянган мал хорогдсон байна. Улмаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгийн зургаан сумын 23 өрх огт малгүй болжээ. Мөн 15 сумын 238 өрх малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулсан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн бямба гарагт болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймгийн малчид нийт нэг сая 500 гаруй малаа шуурганд уруудуулан алдсан бөгөөд 50 хүрэхгүй хувийг нь олоод байна гэж аймгийн онцгой комисоос мэдэгдээд байгаа юм.