Сибирь болон Алс Дорнод дахь ойн түймрийн хамрах талбай буурч 2,4 сая га болсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн хамрах талбай 2,8 сая га гаруй байсан бол одоо 2,4 сая га газар болсны дээр 441 галын голомтоос 31-ийг цурманд оруулсан хэмээв.
Түймэр унтраахад Онцгой байдлын яамны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд нисэх хүчний онгоцууд нэг хоногийн дотор галын голомтуудад 900 орчим тонн ус асгасан байна. Бе-200 болон Ми-8 онгоцууд Якут, Красноярск хязгаар болно Эрхүү мужид ажиллаж байгаа аж.
Ойн түймэр унтраах, суурин газруудыг хамгаалах ажилд нийтдээ 611 хүний бүрэлдэхүүнтэй агаарын бүлэг, 32 техник оролцож байгаа юм байна. Мөн 440 ажилтан, 13 техник бэлэн байдалд байгаа гэж ТАСС мэдээллээ.