Л.Энхсайхан: Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх иргэний өвчний шалтгааныг судалж байна

Л.Энхсайхан: Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх иргэний өвчний шалтгааныг судалж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” компанийн “Verocell” вакцины эхний тунг хийлгэсэн иргэний хоёр хөл мэдээгүй болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжүүлэх, зохицуулах хэлтсийн дарга Л. Энхсайхан “Одоогоор дэлхийн 161 улсад 392,609,534 тун вакциныг хийгээд байна. Вакциныг хийлгэсэн  хүмүүс дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй, саажилт үүссэн гэх мэдээлэл байхгүй. Мөн вакцины заалтад ийм мэдээлэл бичигдээгүй байгаа. Тиймээс уг иргэний өвчний шалтгааныг эмч нар судалж байна.

Дэлхий даяар коронавируст халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэл зүйн судалгаа хийгдэж байна. Эдгээрээс 13 вакциныг бүртгэж авсан. Монгол Улс Дархлаажуулалтын хуулийн дагуу Хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн вакциныг хэрэглэж байгаа. “АстраЗенека” вакцины эхний тунг хийж дууссан. Одоо “Синофарм” үйлдвэрийн “Вероцел” вакциныг дархлаажуулалтад ашиглаж байна” гэв.