Б.Ариунболор: Цар тахлаас болоод одоог хүртэл байр маань ашиглалтанд ороогүй, хүлээж л байна

Б.Ариунболор: Цар тахлаас болоод одоог хүртэл байр маань ашиглалтанд ороогүй, хүлээж л байна

Өнгөрсөн онд есөн дүүгээ ганцаараа өсгөж яваа 23-тай залуухан охины талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж олны хайрыг татсан. Түүнийг Б.Ариунболор гэх бөгөөд тэрсхэн найман дүүгийнхээ ээж болж яваа нэгэн. Харин өнгөрсөн зун "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр О.Мөнхжин  хэмээх залуутай хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн баярт мэдээ дахин цахим ертөнцөд тархсан юм.

Сүүлд түүнтэй өнгөрсөн оны наймдугаар сард холбогдоход Нисэхэд баригдаж байгаа “Сөүл Гардэн” хотхоны гурван өрөө байранд орохоор болсон тухайгаа мэдэгдэж байсан. Харин сүүлийн үед түүний энэ асуудал нам гүм болсон учир шинэ байрандаа орсон эсэх талаар нь холбогдож тодрууллаа.

-Сайн байна уу, ажил нь сайн уу?

-Сайн, сайн байна уу. Ажил сайн байгаа.

-Шинэ байранд орох ажил нь юу болж байна,  орж амжсан уу?

-Орж амжаагүй байгаа. “Сөүл Гардэн” хотхон арваннэгдүгээр сард ашиглалтанд орохоор байсан ч коронавирусээс болоод төлөвлөсөн хугацаандаа орж чадсангүй. Ашиглалтанд орчихвол ороход бэлэн байгаа.

-“Сөүл Гардэн” хотхоноос хэзээ ашиглалтанд орно гэж мэдэгдэж байгаа вэ?

-Зургаа, долдугаар сард гэхэд орчих байх гэсэн мэдээлэл л оршин суугчдын групп дээр харагдаж байсан. Түүнээс биш яг тодорхой тогтсон цаг хугацаа алга л байна. Коронавирусийн халдвараас болоод тодорхой мэдээлэл өгч чадахгүй л байгаа юм шиг байна лээ. Хүлээлтийн байдалтай л байна.

-Ашиглалтанд орчихвол ямар нэгэн асуудалгүй шууд орчихно гэсэн үг үү, байрны төлбөр нь бүрдчихсэн үү, дутуу байгаа юу?

-Тийм ээ, байр маань л ашиглалтанд орчихвол шууд орно, одоогоор ямар нэгэн илүү дутуу асуудал үүсээгүй байгаа. Хандиваар цугласан мөнгөний маань тал нь надад байгаа, тал нь Ангууч ахад байгаа. Хэрвээ орохоор бол хоёр талаас мөнгөө нийлүүлээд л хэлж, ярьснаараа орчихно. Бид анх иргэдээс цугласан хандивын мөнгөөрөө л байр авья гэж ярьж байтал Ангууч ахын маань найзууд болон хамтарч ажилладаг байгууллагууд нь “Сөүл Гардэн” хотхоны байрнуудаас тал мөнгөөр нь авах боломжтой талаар мэдэгдсэн. Тэгээд 100 сая гаруй төгрөгний байрыг тал мөнгөөр нь авах боломжтой болсон. Тал мөнгийг нь компаниас дааж байгаа гэсэн үг.

-Та бүхний хувьд сургууль, цэцэрлэгтэйгээ ойрхон гээд 25-р эмийн сандаа байр авах хүсэлтэй байх шиг байсан?

-Эхэндээ тийм бодолтой байсан. Гэхдээ Ангууч ах “ахын дүү нэгэнт байранд орж байгаагийнх нэг мөсөн шинэ байранд орвол дээр ш дээ, яваандаа дүү нарт чинь ч хэрэгтэй, сургууль цэцэрлэг нь баригдчихна, гаднаа тоглоомын талбайтай, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж байгаа” гээд зөвлөсөн. Тэгээд ер нь тийшээгээ орохоор болсон.

-Одоо ямар нөхцөлд байдалд байна, дүү нар нь сайн уу?

-Тийм ээ, бид бүгд сайн байгаа. Дүү нар маань теле хичээлээ үзэх нь үзээд гэртээ л цагийг өнгөрөөцгөөж байгаа. Бид хуучиндаа, 25-р эмийн сандаа түрээсийн байрандаа л амьдарч байгаа даа. Миний хувьд ажлаа хийгээд л, гэхдээ сая нэг хэсэг хөл хорионоос болоод ихэвчлэн гэртээ дүү нартайгаа л байлаа. Манай гэр бүлд сайхан сэтгэлээр туслаж, хандивын аянд нэгдсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Ангууч нэрээрээ олонд танигдсан Б.Баттөр өнгөрсөн 2020 оны долоодугаар сарын 29-ний өдөр Скай Ресортед "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулсан бөгөөд тус аянд хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

Мөн Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөсөн. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан нь олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан билээ. Тус хандивын аянд нийт 20 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд гадаадад буй монголчууд мөн хандивын аян зохион байгуулж  Б.Ариунболор охины гэр бүлд 10 мянга доллар шилжүүлэн өгсөн.

Үүний дараахан Б.Ариунболор охины гэр бүлд Нисэхэд байрлах “Сөүл Гардэн” хотхоны 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 64 мкв байрыг авахаар болсон баярт мэдээ тарсан юм. Мөн шүдний эмнэлэгүүд тус гэр бүлийн арван хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгөхийн дээр “Сүү” ХХК-аас хүүхэд бүрт 500 ширхэг хувьцаа өгөхөөр болсон билээ.