БНАСАУ мягмар гарагийн өглөө тус улсын зүүн эрэгт орших Өмнөд Хванхэ мужаас хоёр пуужин харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс иш татан уламжилжээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан байж магадгүй байна. Пуужингууд 450 орчим км ниссэн гэж Японы “Kyodo” агентлаг мэдээлэв.
БНАСАУ наймдугаар сарын 2-ны шөнө залуурт пуужин бүхий зэрэг галладаг тийрэлтэт шинэ систем туршсан юм. Шинэ зэвсгийн туршилтыг тус улсын удирдагч Ким Жөн Ун удирдан явуулсан гэж мэдээлж байв. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, уг туршилтын гол зорилго нь “зэрэг галлагч системд зориулсан том калибрын залуурт пуужингийн” техникийн зарим шинж чанарыг судлахад чиглэгдсэн байжээ. Пёньян мөн долдугаар сарын 25, 31-нд ийм пуужингууд туршсан билээ.