Шударга бус шүүгчдийн асуудлаар ерөнхийлөгчид хандсан иргэн Б.Сарнай шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна

Шударга бус шүүгчдийн асуудлаар ерөнхийлөгчид хандсан иргэн Б.Сарнай шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна

Өнгөрсөн даваа гарагт өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх 11 шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэн Б.Сарнай төрийн ордны гадаа мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тодруулбал, Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн шударга бус үйлдлээс болж тухайн иргэн нийт 8 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд тус хэрэг нь хоёр жил гаруй хугацаанд шийдэгдэлгүй сунжирч байгаа талаар мэдээлж байсан юм.

Тиймээс тус хэргийг шийдэхэд тусалж, шударга бус шүүгчдэд арга хэмжээ авахыг хүссэн өргөдлөө ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Б.Сарнай нарын иргэд Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагынхаа хариуг шаардаж төв талбай дээр суулт зарлаж байгаа юм. Энэ үеэр Б.Сарнай “миний хүргүүлсэн шаардлагын хариу одоог хүртэл ирээгүй байна, тиймээс би хариугаа автлаа энд зогсоно. Манайх 2017 онд Хан-Уул дүүрэгт байрлах дахин төлөвлөлтийн барилга эхлүүлсэн. Гэтэл энэ барилга маань залилан мэхлэх замаар цаашаагаа зарагдаад явчихсан асуудлаар шүүх, цагдаа дээр шалгагдаж байгаа. Манай гэр бүл 30 жил хөдөлмөрлөж олсон мөнгө, хөрөнгөөрөө хохирч, өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Тиймээс бид шударга шүүхээр шүүлгэмээр байна. Өнгөрсөн хугацаанд шүүх яагаад бид нарын хүсэлтийг хангахгүй ийм сонин байгаад бид маш их гайхаж байсан. Гэтэл манай хэрэг дээр ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан баримт ил болсон. Тиймээс энэ шүүгч ч гэсэн бусдаас мөнгө авч, завхруулдаг гэсэн хардлага үүсэж байгаа юм” гэж мэдээллээ.