Баянхонгор аймагт хуурамч PCR-ийн шинжилгээ үзүүлж нэвтэрсэн иргэнээс коронавирус илэрлээ

Баянхонгор аймагт хуурамч PCR-ийн шинжилгээ үзүүлж нэвтэрсэн иргэнээс коронавирус илэрлээ

Баянхонгор аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол хоёр боллоо. Тодруулбал, 2021 оны 03-р сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдсэн. Мөн Улаанбаатар хотын иргэн А-нь Өлзийт суманд шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байсныг холбогдох газраас шалгаж тогтоосноор аймгийн Онцгой комиссоос ХӨСҮТ-ээс шинжилгээний хариуг нягтлахад “эерэг” гарсан байсан нь тогтоогджээ.

Улмаар тул тус иргэнийг 2021 оны 03-р сарын 24-ний 19:19 цагт Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлэн эмчилгээг эхлүүлсэн байна. Одоогоор ойрын хавьтлуудыг тусгаарлах ажил үргэлжилж байна.

Мөн Баянхонгор аймгийн Онцгой комисс шийдвэр гарган дээрх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 иргэнийг тусгаарлаж, 307 иргэнээс PCR-ын шинжилгээг авч 2021 оны 03-р сарын 25-ны шөнийн 03:36 цагт ХӨСҮТ-рүү илгээжээ.

Өнөөдөр 2021 оны 3 дугаар сарын 26-ны 00:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний 00:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд  гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд:

  • Мэргэжлийн тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаа, ОБГ, МХГ, ЗХ-ний 339-р анги,ШШГГ
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх нэгжүүд
  • Шатахуун түгээх станцууд
  • Ус,  усан хангамж, түүгээр үйлчлэх цэгүүд
  • Хүнсний дэлгүүр, супер маркетууд
  • Эрчим хүчний байгууллага ажиллаж, бусад бүх төрлийн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

Хойшлуулшгүй ажлаар аймаг дотор зорчих тохиолдолд Баянхонгор сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авна. Үүнд:

  • Оршуулга
  • Малчдын хүнс болон өвс тэжээлийн тээвэрлэлт
  • Эрүүл мэндийн шалтгаан хамаарна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн онцгой комисс