Авлига нэхсэн байцаагчийг ажлаас нь чөлөөлж, дахин ийм хэрэг гарвал баримттай нь мэдээлэхийг хүслээ

Авлига нэхсэн байцаагчийг ажлаас нь чөлөөлж, дахин ийм хэрэг гарвал баримттай нь мэдээлэхийг хүслээ

Өчигдөр эдийн засагч Л.Наранбаатар авлига нэхсэн байцаагчийн талаар цахим сүлжээнд мэдээлж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан.

Тодруулбал “Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч н.Гунгааноров гэгч этгээд манай нягтлангаас авлига нэхсэн байна. Татвараа төлөөд байхад хаялага нэхээд байдаг даварцан гар уу энэ чинь харин!  Нийгмийн даатгалд үүрлэсэн энэ мэт авилгачдыг юутай хийтэй нь цэвэрлээчээ муусайн хувалзнуудыг” хэмээн бухимдсан байдалтай бичжээ.

Үүний дараа тус асуудал Нийгэм, хөдөлмөр хамгааллын яамны сайд Л.Ариунзаяагийн чихэнд хүрч, авлига нэхсэн баримт нь ил болсон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноровт яаралтай хариуцлага тооцож, ажлаас нь халах тушаал гаргасан байна. Тодруулбал, А.Гунгааноровыг Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийг үндэслэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардсан хэмээн сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн энэ талаар ХНН-ын сайд А.Ариунзаяа өөрийн нүүр хуудсандаа "Манай салбарт өнөөдөр доргилт болов. Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав" гээд энэ мэт тохиолдлыг НДЕГ-ын 11-324456, 77771289 гэсэн дугаар болон баримттай нь мэдээлэл ирүүлж байхыг хүсжээ.

Сонирхуулахад нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нь 2019 онд хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ “120 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай, 31 саяын өртөг бүхий малтай, 475 саяар үнэлэгдэх газартай, 15 саяын үнэт эдлэл, 16 саяын автомашинтай” гэж мэдүүлжээ.