ФОТО: Баянзүрх дүүрэгт 519 сая төгрөгөөр авсан автомашинууд нэг жил хүрэлгүй эвдэрч “хог” болон хэвтэж байна

ФОТО: Баянзүрх дүүрэгт 519 сая төгрөгөөр авсан автомашинууд нэг жил хүрэлгүй эвдэрч “хог” болон хэвтэж байна

Нийслэлийн төсвөөс 2019, 2020 онуудад нийт гурван тэрбум төгрөг гаргаж, зарим дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т хог ачих автомашин худалдан авсан байдаг. 

ТУХАЙЛБАЛ:

  • 2019 онд Чингэлтэй дүүрэгт 1 ширхэг автомашиныг 186 сая төгрөгөөр
  • 2019 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 10 ширхэг автомашиныг 1,682,000,000 төгрөгөөр
  • 2020 онд Баянзүрх дүүрэгт 3 ширхэг автомашиныг 519 сая төгрөгөөр
  • 2020 онд Баянгол дүүрэгт 1 ширхэг автомашиныг 145 сая төгрөгөөр
  • 2020 онд Баянгол дүүрэгт 1 ширхэг автомашиныг 145 сая төгрөгөөр
  • 2020 онд Баянзүрх дүүрэг 4 ширхэг автомашиныг 300 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Гэвч дүүргүүдийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т очоод нэг жил ч хүрэхгүй хугацаанд хог авчиж явсан зарим автомашин эвдэрч, авто баазад “хог” болж эхэлсэн талаар жолооч нар хэлж байлаа. Бид тус мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын авто баазыг зорьсон юм.

-ОРУУЛЖ ИРСНЭЭС ХОЙШ ХОЁРХОН САРЫН ДАРАА ЭВДЭРЧИХСЭН АВТОМАШИНУУД Ч БАЙНА-

Биднийг очиход авто бааз дотор эгнүүлж тавьсан нэлээдгүй олон автомашин байсан бөгөөд заримыг нь ашиглахаа болиод удаж байгаа талаар жолооч нар хэлж байлаа. Тухайлбал, 2020 онд шинээр оруулж ирсэн ч эвдрэл үүсэж ашиглахаа больсон 3-4 хог ачих зориулалттай автомашин байсан юм.

Энэ талаар нэгэн жолооч “Манайд өнгөрсөн жил оруулж ирсэн ч удалгүй эвдэрчихсэн хэд хэдэн автомашин бий. Мөн оруулж ирснээс хойш хоёрхон сарын дараа эвдэрчихсэн машин ч байгаа. Уг нь анх Япон автомашин гэж оруулж ирсэн юм байна лээ. Гэвч эвдрэл гарч БНХАУ-ынх гэдэг нь батлагдсан. Эвдрэлийг засах гэсэн ч сэлбэг нь Монголд байдаггүй. Ер нь мотороос бусад нь бүгд эвдэрчихдэг. Хооронд нь сэлбэгүүдийг сольж засах гэсэн ч таардаггүй. Ийм байдалтай энэ автомашинууд грашинд олон сар тоосонд дарагдаж байна” гэсэн юм.

Оруулж ирээд нэг жилийн ч нүүр үзэлгүй эвдэрсэн уг автомашинуудыг улсын төсвийн хэдэн төгрөгөөр авсан нь анхаарал татаж байна.

Энэ талаар Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдлийн менежер Н.Энхтайван “Сүүлийн гурван жилд парк шинэчлэлийн хүрээнд зориулалтын бус автомашинууд авсан. Манайд ирсэн есөн автомашин долоо нь өөр өөр үйлдвэрийнх учраас эвдрэхэд нь орлуулах байдлаар засъя гэсэн ч сэлбэг хэрэгсэл таардаггүй. Дотоотод сэлбэг хэрэгслийн олдоц бага. Гадаад руу захиалга хийхэд хоёроос гурван сарын хугацаа шаардагддаг. Сэлбэгүүдийн Монголд авч ирээд автомашинаа засахад дахиад нэг сарын хугацаа ордог. Тэгэхээр нэг автомашин эвдрэхэд дөрвөн сарын хугацаа алдаж байгаа юм. Автомашинуудын нийлүүлсэн үнэ зах зээлээс өндөр. Ганц байгаа “пото” нь 330 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл зах зээлийн ханш нь 190 сая байдаг” гэсэн юм.

-ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ӨНДӨР, ЧАНАРГҮЙ АВТОМАШИН НИЙЛҮҮЛСЭН “БАДРАНГУЙ ОРШИХ” ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ

Стандарт хангаагүй, нэг жилийн ч эдэлгээ даадаггүй, урд хөршид үйлдвэрлэсэн уг автомашинуудыг ямар компани нийлүүлсэн бэ гэдэг асуулт үлдэж байна. Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт 2020 онд гурван автомашин нийлүүлсэн компани бол “Бадрангуй орших” ХХК. Хамгийн сонирхол татаж буй зүйл нь тус компани зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр автомашин нийлүүлсэн байгаа юм. Дээр дурдсанчлан 190 сая төгрөгийн үнэтэй автомашиныг бараг нэг дахин нугалж 330 сая төгрөгөөр тендерт оруулж, худалдаалжээ.

Эх сурвалж: tender.gov.mn

“Бадрангуй Орших” нь хүнд даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын сэлбэг эд анги, тоног төхөөрөмж,  худалдаа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг компани. Тус компанийг Улсын харцага А.Бямбажавын эхнэр Н.Батхишиг эзэмшдэг бөгөөд 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа ганц Баянзүрх дүүрэгт гэлтгүй улсын хэд хэдэн тендерт шалгарчээ. Тухайлбал,

  • Багахангай дүүрэгт хот тохижилтын зориулалтаар дугуйт экскаватор худалдан авах тендерт 2019 онд,
  • Улаанбаатар-Хөшигтийн хөндий чиглэлийн хурдны замын засвар, арчлалтад зориулсан машин механизм 2019 онд,
  • Даланзадгадын дулааны цахилгаан станцад ковш шинээр худалдан авах тендерт 2020 онд,
  • Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин авах тендерт 2020 онд/уг тендерт санал болгосон үнэ 4 тэрбум төгрөг/,
  • Хан-Уул дүүргийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин авах тендерт 2019 онд гэх мэт улсын хэд хэдэн томоохон тендерт шалгарчээ.

Эх сурвалж: Burtgel.mn

Гэвч асуудлын гол нь Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газарт зах зээлийн ханшнаас дээгүүр, чанаргүй автомашин нийлүүлсэн тус компани улсын бусад тендерт оролцохдоо ч ашиг хонжоо хайсан энэ үйлдлээ давтсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.