ИРГЭН Г: Халдвар авснаа мэдэж ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

ИРГЭН Г: Халдвар авснаа мэдэж ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

Манай улсад сүүлийн долоо хоногт коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж эмнэлгийн орны нөөц болон тусгаарлалтын байр хомстож байгаатай холбоотойгоор Засгийн газраас хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх шийдвэрийг гаргасан билээ.

Энэ талаар гуравдугаар сарын 25-ны өдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүмүүсийг тодорхой шалгуурыг харгалзан үзэж гэрийн эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна. Тухайн иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмч нараар дамжуулан өдөр тутамд хяналт тавьж байгаа” гэж байв.

Гэвч бодит байдал тэс ондоо байгаа талаар халдвар авч гэрээр эмчлүүлж буй иргэн хэлж байна. Бид халдвар авч гэртээ өөрийгөө тусгаарлаад найм хонож буй иргэн Г-тэй холбогдож, ярилцлаа.

-ХАЛДВАР АВЧ ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДААД ДОЛОО ХОНОХОД НАД ДЭЭР НЭГ Ч ЭМЧ ИРЭЭГҮЙ-

-Та хэзээ халдвар авснаа мэдсэн бэ. Ойрын хавьтал болсон уу, эсвэл дам хавьтал болчихов уу?

-Өнгөрсөн бүтэн сайн өдрөөс толгой өвдөж, бие эвгүйрхээд эхэлсэн. Маргааш нь буюу нэг дэх өдөр шинжилгээ өгөхөд эерэг буюу халдвартай гэж гарсан. Хаанаас халдвар авснаа үнэхээр мэдэхгүй байна.

-Та гэрээр эмчлүүлэх хүсэлтийг өөрөө ХӨСҮТ-д тавьсан уу?

-Тийм. ХӨСҮТ-ийн эмч нар надтай холбогдоод ХӨСҮТ-рүү явах уу эсвэл гэрээрээ эмчлүүлэх үү асуусан. Би ч “аль болох гэртээ эмчлүүлмээр байна” гэж хэлтэл “тэгвэл өргөдлөө бичээд байж байгаарай” гэж хэлсэн.

-Халдвар авснаа мэдсэнээс тань хойш найм хоног өнгөрч байгаа юм байна. ХӨСҮТ, өрхийн эмнэлэг гэх мэт эрүүл мэндийн байгууллагаас танд хяналт тавьж байна уу. Ямар эмчилгээ гэрээр хийж байна?

-Надтай нэг ч удаа холбоо бариагүй. Нэг дэх өдөр өргөдөл авахаар манайд ирэхдээ гэрийнхнээс маань шинжилгээ авч, гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед эмч нараас “Би ямар эм тан уух вэ” гэж асуухад “халуун хоол цайгаа уу” л гэсэн. Би ч гайхаад “ямар ч эм тан өгч, эмчилгээ хийхгүй юм уу” гэхэд “витамин С, Д уу” гэсэн. Өөр юу ч гэж хэлээгүй.

-ХӨСҮТ-ээс гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдалд нь хяналт тавьж байгаа гэсэн мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэтэл таньтай нэг ч удаа холбоо бариагүй юм байна. Тийм үү?

-Тийм. Холбоо барьж, хяналт тавьж байгаа гэдэг нь ёстой худлаа гэж хэлмээр байна. Халдвар авч гэртээ тусгаарлагдаад долоо хоноход надтай нэг ч удаа холбогдоогүй. Харин өнөөдөр дүүргээс ирж гэрийнхнээс маань шинжилгээ авсан. Гэхдээ намайг халдвар авч, гэртээ тусгаарлагдсан талаар юу ч мэдэхгүй байсан. Ийм л хоорондын уялдаа холбоогүй ажиллаж байна. Зурагтаар гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өдөрт хоёр удаа өрхийн эмч нь заавар, зөвлөгөө өгч хяналт тавьж байна гэсэн мэдээлэл явж байна. Гэтэл ямар ч тийм зүйл байдаггүй юм байна. Халуун хоол цайгаа ууж, ид л гэсэн. Гэтэл би хоол идээд эдгэж байгаа эсэхээ өөрөө мэдэхгүй байна шүү дээ.

-Өрхийн эмнэлэг тань тантай холбогдож биеийн байдалд тань хяналт тавиагүй юм байна. Та өөрөө холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?

-Тийм. Өрхийн эмнэлэг нэг ч удаа холбогдоогүй. Би аргаа бараад 100, 119 дугаарууд руу залгаж учир байдлаа хэлээд “надад зөвлөгөө өгөх хүмүүстэй холбож өгөөч” гэхэд “бид нар мэдэхгүй” гэдэг ганц л хариултыг хэлсэн. Сүүлдээ намайг залуу хүн, хоёрдугаарт хөнгөн өвчилсөн болохоор ингээд тоохгүй “хаячихдаг” юм болов уу гэж бодож залгахаа ч больсон. Надаас гадна ийм байдалтай хэчнээн байгааг мэдэхгүй байна. Утасны цаана дандаа муухай ааштай хүмүүс байх юм. Бүхэл бүтэн улсын хэмжээнд зөвлөгөө өгчих чадвартай хүн нэг ч олдсонгүй. Залгаж асуухаар хэрэг хийсэн хүнтэй харьцаж байгаа юм шиг л муухай аашлах юм.

-НАД ШИГ ХАЛДВАР АВЧ ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДСАН ХҮН ЯМАР Ч ХАРАА ХЯНАЛТГҮЙ УЧРААС ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Танд анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Хагас сайн өдөр ажлаасаа ирээд бүтэн сайн өдөр амарсан. Унтаад өглөө 08.00 цагт босохдоо халуунтай сэрсэн. Орой 19.00 цагийн үед халуун маань буухгүй байсан учраас түргэн тусламж дуудсан юм. Энэ хугацаанд эхнэр маань халууны эм өгч байсан. Эмнэлэг эрсдэлтэй газар болчихсон учраас яарч очилгүйгээр түргэн дуудсан юм. Түргэний эмч ирээд “танд ямар ч ковидын шинж тэмдэг илрээгүй байна. Та хууч өвчтэй юу” гэсэн. “Надад хууч янз бүрийн өвчин байхгүй” гэтэл “таны бөөр өвддөг үү” гэсэн. Миний бөөр хэдэн жилийн өмнө л өвддөг байсан юм. Тэгтэл “Та бөөрнөөсөө болоод халуурч байгаа бололтой. Заваараа дүүргийн эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Нэгдэх өдрийн өглөө босоод ажил руу явах гэтэл толгой өвдөж, бие нэг л биш байсан болохоор “юмыг яаж мэдэх билээ, ковид авчихсан байвал ажлынхаа хүмүүсийг эрсдэлд оруулах юм байна” гэж бодож дүүргийнхээ эмнэлэгт очсон. Очоод “би хоёр хоног халуурлаа. Үзүүлэх гэсэн юм” гэтэл “Өрхийн эмнэлэг дээр таныг үзнэ” гээд буцаасан. Өрхийн эмнэлэг дээр очоод биеийн байдлаа хэлтэл халуун үзээд намайг тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан.  

-Түргэвчилсэн оношлуурын хариуг PCR-аар баталгаажуулсан уу?  

-Мэдээж баталгаажуулсан. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны дараа PCR авч ХӨСҮТ-рүү сорьцыг илгээсэн. Үүний дараа “таны шинжилгээний хариу хоёроос гурван цагийн дараа гарна. Та эндээ байж бай” гэсэн. Гэтэл би тэнд бараг таван цаг хүлээсэн. Арга ядаад эмчээс асуутал “та гэрээсээ хүн дуудаад, харь. Тэгэхгүй бол автобус, таксигаар явж болохгүй. Таниас ковид илэрсэн байна” гэсэн. Хэрэв би ковид авчихсан бол эхнэр маань ч гэсэн халдвар авсан гэсэн үг шүү дээ. Тиймээс эхнэрийгээ нааш, цааш явуулж эрсдэл үүсгээд яахав гэж бодож, хүнгүй газраар гэртээ алхаж харьсан. Энэ үйл явдал өнгөрсөн нэг дэх өдөр болсон.

-PCR шинжилгээний хариуг тань хэзээ мэдэгдсэн бэ?

-Хоёр дахь өдрийн өдөр 12.00 цагийн үед ХӨСҮТ-ээс над руу холбогдож “Та гэрээсээ битгий гараарай. Таны шинжилгээний хариу эерэг гарсан гэж хэлсэн.

-Тухайн иргэнийг гэрт нь тусгаарлаж эмчилгээ хийх эсэхийг шийдэхдээ гэр бүлийн байдлыг харгалзаж үзнэ гэж ЭМЯ-аас мэдээлж байгаа. Тухайлбал, бага насны, эсвэл хөгшин настай хүнтэй амьдардаг бол гэрээр эмчилгээ хийхгүй гэж мэдээлсэн. Та гэртээ хэдүүлээ амьдардаг вэ.

-Эхнэр хоёр хүүхэд болон аавтайгаа амьдардаг. Эхнэр хүүхдүүдээс маань шинжилгээ авахад сөрөг гарсан. Эхнэр маань хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.

-Эхнэр тань гэрээсээ гарч байгаа юу.

-Үгүй. Ерөөсөө гарахгүй байгаа.

-Тэгвэл танай гэр бүл хоол хүнсний хэрэгцээгээ яаж зохицуулж байна?

-Утасдаж, дуудуулж авахуулж байгаа. Өөр арга байхгүй шүү дээ.

-Таныг гэрээсээ гарч болохгүй гэж зөвлөмж өгсөн үү?

-Үгүй. Ямар ч зөвлөмж, анхааруулга өгөөгүй. Над шиг халдвар авч, гэртээ өөрийгөө тусгаарласан хүн гэрээсээ гарч, дэлгүүр хоршоо орох, олон нийтийн газраар үйлчлүүлж байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч хараа хяналт алга.

-Долоон хоногийн хугацаанд та өөртөө ямар эмчилгээ хийсэн бэ?

-Витамин С, Д ууж л байна. Хажуугаар нь шөл устай хоол идэж байгаа. Өөр ямар ч эмчилгээ хийхгүй байна. 100, 119 гэсэн дугаар руу залгахаар эмчилгээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй. Ганц хэлж буй зүйл нь “халуун хоол хүнс хэрэглэ” л гэж байна. Ковид туссан хүнд хийх эмчилгээний зардал найман сая төгрөг болж байгаа гэж ЭМЯ мэдээлсэн. Эмнэлэгт байгаа хүмүүст шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг хэрэглээд найман сая төгрөг боллоо гэж бодоход гэрээр эмчлүүлж буй хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа нь тодорхой бус байна. Нэг ч удаа надтай холбогдож, биеийн байдал асуусангүй. Нэг ширхэг ч витамин өгсөнгүй.

-Одоо таны бие хэр байна. Ямар зовуур байна?

-Одоо бол хэвийн байна. Амтлах, үнэрлэх мэдрэмж зүгээр байгаа. Өөр ямар нэгэн зовуурь илрээгүй.

-Та гэрийнхэнтэйгээ харилцаж байна уу. Эсвэл нэг өрөөндөө өөрийгөө тусгаарлачихсан байна уу?

-Би нэг өрөөндөө тусгаарлагдсан. Гэхдээ өөрийгөө тусгаарлалаа гэхэд үнэхээр хэцүү байдалд байна. Тухайлбал, гэр бүл дундаа нэг ариун цэврийн өрөөтэй. Манай хүүхдүүд жаахан болохоор учир мэдэхгүй “аав аа” гээд л ороод ирэх юм. Үнэхээр хэцүү байна.

-Энэ хугацаанд ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлэх санал гаргаагүй юу?

-Гэрийнхнээс маань шинжилгээ ирж авахад аавын маань PCR бас эерэг гарсан. Аав Цэргийн төв госпитали руу яваад дөрөв хонож байна. Аавын шинжилгээний хариу эерэг гарсан ч нэг хоног ХӨСҮТ-ээс хэн ч ирээгүй. Маргааш нь үд өнгөрч байхад аавыг ирж авахад нь би “Би өөрөө халдвар авч тусгаарлагдсан хүн байна. Би хамт яваад эмчлүүлье. Эхнэр хүүхдүүд маань сөрөг гарсан учраас тэдэндээ эрсдэл учруулмааргүй байна” гэж хэлсэн. Гэтэл “Чамайг багтаах эмнэлэг алга” гэж хэлээд явсан.

-Аавын тань бие ямар байгаа вэ?

-Аав маань бас хөнгөнөөр өвчилсөн. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Эмчлүүлээд тав хонож байна.

-Одоо таны бие хэвийн байгаа гэж байна. Хэд хоногийн дараа гэрээсээ гарах вэ. Дахин шинжилгээний хариугаа харах уу?

-Шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж бодоход 5-6 хоног биеийн байдлаа харзнана гэж бодож байна. Энэ бол иргэн хүний хариуцлага шүү дээ. Бүрэн эдгэрээгүй байхдаа гадуур явж хүмүүст эрсдэл учруулж болохгүй. Тиймээс хэд хоног хүлээнэ.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа