Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр  үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.

Тухайлбал,

  • Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр  хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч, 2 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан.
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Мана” амралтын газрын барилга болон 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг 5 метрийн урт  шуудуу ухаж зайлуулсан.
  • Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын зургадугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан. 
  • Хан-Уул дүүргийн 4,10 дугаар хороо 35 дугаар байрны зоорийн давхар, 1 айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө