Н.Учралын танхимаас явах дараагийн сайд Д.Батлут байж магадгүй байна

Н.Учралын танхимаас явах дараагийн сайд Д.Батлут байж магадгүй байна

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнээсээ МАН-ын “цөөнх” гэх тодотголтой хэд хэдэн сайдыг огцруулж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд гараад удлаа.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд улс төрийн хүрээнд “дундын хүн” гэж тодорхойлогддог Г.Тэмүүлэнг томилсон. Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нарыг огцруулж магадгүй гэх мэдээлэл ч гарах болсон.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах асуудлыг хөндөж магадгүй байна. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас гадна Д.Батлут өөрөө ч огцрох үндэслэлээ бүрдүүлсэн гэж хэлж болохоор хэд хэдэн асуудал бий.

"ЦЭРГИЙН АМЬ НАСНЫ АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ХҮРГЭВ"

Нэгдүгээрт, цэргийн алба хаагчийн амь нас хохирсон асуудал. 2025.05.19-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 онд цэрэгт татагдсан 19 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг бусдад зодуулсан байж болзошгүй талаар ар гэрийнхэн нь мэдээлж, уг асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж, УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайдыг огцруулах, эс бөгөөс Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавьж эхэлсэн. Товчхондоо, Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэлийн бланк дээрх 41 гишүүний гарын үсэг Д.Батлуттай холбоотой асуудал байв.

Улмаар УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг хэлэлцэж дуусах хүртэл уг асуудлыг түр хойшлуулсан. Гэвч Д.Батлут өнгөрсөн хугацаанд цэргийн алба хаагчийн амь нас хохирсон асуудалд анхаарал хандуулж, дорвитой шийдэл гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Тэрбээр өөрийн биеэр олон нийтэд хандаж, албан ёсоор уучлалт хүссэнгүй. Харин цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлээд өнгөрсөн гэх шүүмжлэл бий. УИХ-ын гишүүн Д.Батлут 2025 оноос хойш Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Гэвч түүнийг сайдаар ажиллах хугацаанд цэргийн алба хаагчид хоорондын зодоон, дэглэлт, ахлах болон шинэ цэргүүдийн хоорондын ялгавартай харилцаатай холбоотой асуудал тасрахгүй байгаа нь салбарын удирдлагын хариуцлагыг хөндөхөд хүргэж байж болох.

“АРМИА ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭХ Д.БАТЛУТЫН МЭДЭГДЭЛ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Хоёрдугаарт, Батлан хамгаалахын сайд “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг давхар удирддаг асуудал. Энэ талаар Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсандаа хийсэн шууд дамжуулалтын үеэр мэдэгдсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр том цэргийн холбоог ТББ нэрээр удирдаж байгаа. Нэг нь ‘Монгол цэргийн нэгдсэн холбоо’, нөгөө нь ‘Монгол цэргийн холбоо’. Нэгдсэн холбоог нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч удирддаг бол Монгол цэргийн холбоог Д.Батлут удирддаг” хэмээн ярьсан. Харин үүнд Д.Батлут сайд “Юун хувийн арми. Улсынхаа армийг ч тэжээж, бүрэн дүүрэн чадахгүй байгаа. Зүүд, мөрөөдлөө ярьдаг юм уу, тэр хүн. Миний хувьд нийгэмд үйлчилдэг өөр төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг нь үнэн. Хаана ч нуухгүй” хэмээн хариулсан байдаг.

Батлан хамгаалахын сайдын хувьд салбарынхаа санхүүжилт, чадавхын талаар ийм байр суурь илэрхийлсэн нь хариуцлагагүй үйлдэл байв. Монгол Улсын батлан хамгаалах салбарыг дэлхий нийтэд төлөөлж буй сайд өөрөө улсынхаа армийг бүрэн дүүрэн тэжээж чадахгүй байна хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарт төрөөс хуваарилах төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдэж ирсэн. Тухайлбал, Батлан хамгаалах яамны төсөв 2025 онд 790 гаруй тэрбум төгрөг байсан бол 2026 оны улсын төсөвт 1 их наяд 82 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Ийм нөхцөлд салбарын сайд нь өөрийн хариуцаж буй салбарынхаа талаар дээрх мэдэгдлийг хийсэн нь улс төрийн болон олон нийтийн шүүмжлэлийн бай болоход хүргэжээ.

"Д.БАТЛУТЫН ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР УГТАЛТУУД ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ"

Гуравдугаарт, олон нийтийн өмнө биеэ авч яваа байдал, төрийн ёслолтой холбоотой шүүмжлэл. Сүүлийн үед Батлан хамгаалахын сайд Д.Батлутын цахим орчинд нийтэлж буй бичлэг, олон нийтийн өмнө биеэ авч яваа байдалтай холбоотой шүүмжлэл нэмэгдэх болсон. Тухайлбал, түүнийг Дорнод аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон цэргийн анги нэгтгэлүүдийн зүгээс ёслол төгөлдөр угтан авсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, “Энэ бол буруу. Хувийн эго-г төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа Засгийн газрын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа” хэмээн бичсэн байдаг.

Товчхондоо, Н.Учралын танхимд ачаа үүрэлцэхээс илүүтэй улс төрийн эрсдэл дагуулж буй Д.Батлут Засгийн газраас явах дараагийн сайд байж магадгүй байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө