ISee.mn сурвалжлах баг 1760-аад онд бүтээн байгуулагдаж байсан гайхамшиг, түүх болон уран барилгын хосгүй үнэт зүйлд тооцогдох Дамбадаржаалин хийдээс энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. Тус хийд нь гурван зууныг дамжиж, 250 гаруй жилийг өнгөрүүлсэн Халхын анхны гурван хийдийн нэг хэдий ч сэргээн засах ажил огт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Хийдэд суух лам нар 2010-аад оноос хийдийг жуулчдад зориулан сэргээн засварлах талаар ярилцаж, 2015 онд нийслэлд хүргүүлж байсан ч тодорхой нэгэн шийд хэлж, ажил хэрэг болголгүй явсаар байгаа аж.
ВИДЕО:
Хийдийн хашаанд одоог хүртэл хурал, номоо хурдаг дуган байдаг бөгөөд гадуураа модон давхар хашаатай байдаг. Тухайн давхар хашаанд байх гурван хийдийг тодорхой хэмжээнд арчилдаг болов уу гэмээр ч тус хийдийн модон хашааны баруун, зүүн талын хоёр байгууламжийн ихэнх хэсэг нь нурсан байдалтай, орхигджээ.

Энэ талаар 2023 онд Дамбадаржаалин хийдийн хариуцан ажиллаж буй Да лам О.Лхагвасүрэн манай сайтат өгсөн ярилцлагадаа, “1990 оноос манай өвгөн лам нар Дамбадаржаалан хийдэд хурал номоо сэргээснээс хойш жилийн жилд тодорхой хэмжээний ажлуудыг хийж байсан. Ингэхдээ хийдийн онгорхой хашаа болон гахайн хороо байсан дуган, томоохон зоорь зэргийг сүм болгож, хашаа хороо хийсэн. Мөн зарим байшингуудын дотоод засал зэргийг өөрсдийн болон сүсэгтэн олны хандив тусламжаар хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш одоог хүртэл байгаагаар нь түүхийн үнэт өв учир эвдэн сүйтгүүлэлгүй хадгалан хамгаалж яваа юм.
Мөн бид үе үеийн Нийслэлийн удирдлагуудад сэргээн засварлалт хийх талаар ханддаг байсан. Учир нь хэн дуртай нь засварлах боломжгүй улсын хамгаалалттай бүр шүү дээ. Тэгээд нийслэлдээ хандахад бидэнд “яг яаж хөгжүүлэх вэ” гэж яриа хийгээд зураг төслийн санал тавьдаг. Үүний дагуу бид зураг төсөл гаргаж нийслэлийн удирдлагуудад өгдөг. Гэхдээ хариу ирдэггүй юм.

Энэ хийдийн хашаа дуган байшин гээд бүр зүйл нь хөх тоосгоор баригдсан. Ийм зүйл байгаа юм. Тэгэхээр үүнийг хойч үед үлдээхийн тулд төр засгаас сайн дэмжээд өгөөсэй гэж бодож байна. Дэмжлэг гэдгийг бас буруугаар ойлгож болохгүй. Дэмжинэ гэхээр лам нарт цалин өгч, хийдэд мөнгө цацна гэсэн үг биш. Зөвхөн энэхүү сум дуганаа хуучин хэв хийцийн хадгалж сэргээгээд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр хойчдоо болон гадаадын олон орны жуулчдад үзүүлээсэй. Монголчууд өөрийн гараар бүтээсэн. Улмаар өдийг хүртэл хадгалагдан үлдэж, цагийн мууг даван туулж ихэнх нь 100 хувь бүрэн бүтэн өвлөгдөн ирсэн энэхүү хийдийг сэргээвэл жуулчдыг татах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм” хэмээж байжээ.

Харин тус хийдэд ирж сүсэглэдэг Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Н.Алтангэрэл, “Би хүүхэд байхаасаа энэ хийдээр орж гардаг байсан. Хийдийн сэргээн засварлах талаар олон яригдаж байсан ч ажил хэрэг болсон зүйл нэг ч байхгүй. Хийдээ засаж, сэргээхгүй бол нурж уналаа шүү дээ” хэмээсэн юм.





