Афганистанд болсон халдлагын үеэр манай улсын энхийг сахиулагчид чухал үүрэг гүйцэтгэжээ

Афганистанд болсон халдлагын үеэр манай улсын энхийг сахиулагчид чухал үүрэг гүйцэтгэжээ

Афганистан улсад алба хааж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргүүд тус улсын цэргүүдийн амь насыг алан хядагчдын бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. 

Тодруулбал, энэ оны 3 дугаар сарын 30-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Афганистан улс (ИБНАУ)-ын нийслэл Кабул хотод алан хядагч бүлэглэлүүд Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь үрэгдэж, 6 хүн шархаджээ.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага болсон газраас татан гаргаж, II шатны эмнэлэг рүү тээвэрлэжээ. Энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтанг тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн суулгах үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ. Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт талархал илэрхийлж, “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэхээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргахад байдаг. Эдгээрийг монгол цэргүүд гарамгай эзэмшжээ” гэсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.