ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахаар болжээ.
Тэрээр ирэх есдүгээр сарын эхээр Монгол Улсад айлчлах бөгөөд одоогоор хэдэн өдрийн айлчлал, ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тойхиолдуулан намар Монгол Улсад айлчлахыг урьсан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Халхын голын ялалтын 80 жилийн ойг орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ нь манай улсын хувьд маш чухал үйл явдал. Монгол, Оросын дайчид мөр зэрэгцэн, манай эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй. 80 жилийн ойн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх ёстой. Маш олон арга хэмжээ төлөвлөсөн бий. Мөн Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан. 2020 оны баярын арга хэмжээнд манай Зэвсэгт хүчин оролцох боломжтой. Орос нөхөд минь тусалж, дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Монгол Улсад айлчлахыг Кремль үгүйсгээгүй. “Ийм айлчлалыг судалж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт байдлаар мэдээлнэ” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ.