Бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн ААН-үүдийг 20 сая төгрөгөөр торгоно

Бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн ААН-үүдийг 20 сая төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-ааас буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын пэйж хуудас, и-барим апп, 115 дугаарт хүлээн авах юм байна.

Өнгөрсөн намар ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн хэд хэдэн ААН-ыг 20 сая төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад ч авах арга хэмжээ адилхан байхыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

ШӨХТГ-аас гаргасан мэдэгдэлд “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
  • Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
  • Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
  • Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомстол үүсгэхгүй байх
  • Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
  • Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.