ВИДЕО: LV брэндийн шинээр гаргасан онгоцны хэлбэртэй гар цүнх 111 сая төгрөгийн үнэтэй

ВИДЕО: LV брэндийн шинээр гаргасан онгоцны хэлбэртэй гар цүнх 111 сая төгрөгийн үнэтэй

Америкийн дизайнер Виргил Аблохын танилцуулсан 2021 оны намар өвлийн шинэ коллекцинд нэгэн өвөрмөц бүтээл орсон нь “онгоцны хэлбэртэй гар цүнх” байлаа. Тус бүтээлийг энэ сарын 3-нд онлайн хэлбэрээр олон нийтэд танилцуулсны дараа багагүй шүүмжлэлд өртөж, олны доог тохуу болжээ.

Тус цүнхний үнэ нь 39 мянган америк доллар гэсэн нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан бөгөөд нэгэн эмэгтэй “энэ цүнхийг тийм их мөнгөөр авч байснаас та бодит онгоцыг хамаагүй хямд үнээр худалдаж авсан нь дээр” хэмээгээд 1968 оны “Cessna 150” онгоцыг бусад хүмүүст санал болгосон байв.

Мөн зарим иргэд “энэ одоо юу вэ, энэ цүнхийг авбал нисч чадна гэсэн үг үү", “ядаж л хүн алахгүй юм даа” гэх мэтээр цахим орчинд доогложээ.

“Louis Vuitton” брэнд хэрэглэгчиддээ үргэлж тансаг хэрэглээ, өвөрмөц байдлыг санал болгодог ч энэ удаад байдал бишдсэн бололтой. Ердийн геометрийн хэлбэртэй цүнхнүүдээс тэс өөр, бодит онгоцны загвараар бүтээгдсэн, хоёр талдаа далавчтай энэхүү арьсан цүнх нь шинэлэг хэлбэр, үнийн дүнгээрээ олны анхаарлыг татаж чадсан ч хэрэглэгчдийн тоо сайнгүй байгаа аж.

Тус цүнхийг зохион бүтээсэн Виргил Аблох “Энэ бол миний үзэл бодлын нэг хэлбэр. Энэ цүнхээ би "жуулчин ба пурист" архетипуудаас санаа авч зохион бүтээсэн. Мөн аялах дуртай хэрэглэгчиддээ зориулж бүтээсэн онцгой бүтээл” гэж өнгөрсөн нэгдүгээр сард “Vogue” сэтгүүлд ярьжээ. Тус арьсан цүнх нь бүх биеэрээ “Louis Vuitton”-ийн гарын үсэг бүхий логог товойлгон гаргасан тийрэлтэт хөдөлгүүртэй байгаа нь бодит онгоцыг санагдуулж байгаа ч доторх багтаамж болон үүрч явахад биенд хэр хөнгөн, тохиромжтой нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Мөн зарим иргэдийн зүгээс загварын ертөнц өвөрмөц, чөлөөт сэтгэлгээг санагдуулам байх ёстой хэдий ч зарим зүйл дээр утгаа алдаж байна гэдгийг онцолжээ. Одоогоор тус цүнх олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тарьж, иргэдээс санал шүүмжлэл сонссоор байна. Зарим хүн түүний сонирхолтой хийцээр зугаацаж байхад зарим нь түүний хэт өндөр үнэд сэтгэл дундуур байгаа юм.

Виргил Аблохын гаргасан шинэ бүтээл бүр цахим орчинд хүчтэй байр суурь эзэлж, иргэдийн анхаарлыг татдаг бөгөөд тэрээр 2018 оноос хойш Louis Vuitton” брэндийн эрэгтэй хувцасны дизайнараар ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд хэд хэдэн удаа алдартай коллекциудаа олон нийтэд танилцуулсан ба тус брэндийн маш олон алдартай цүнхийг бүтээж байсан аж.