Манай улсад ВАКЦИН биш ТАРИУРЫН нөөц тасарсан байж болзошгүй байна

Манай улсад ВАКЦИН биш ТАРИУРЫН нөөц тасарсан байж болзошгүй байна

Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа коронавирусийн эсрэг вакцинаас гадна бас нэгэн тулгамдаж буй асуудал нь “тариурын нөөц” гэдгийг олон эрдэмтэн судлаачид мэдэгдэж байна. Стандарт вакцины тариур 3 мл байдаг ч Moderna болон Pfizer/Biontech гэх мэт бага тунгаар хийдэг вакцинуудад 1 мл-ийн тариур ашиглаж байгаа аж.

Улсын онцгой комисс /УОК/-оос "192 мянган тун вакцины нөөц байгаа хэдий ч халдварын тархалтыг зогсоохын тулд энэ сарын 25-ны өдрийг хүртэл дархлаажуулалтын ажлыг түр зогсоох болсон" гэж мэдэгдсэн. Харин тус мэдэгдлийн дараа иргэдийн "вакцины нөөц дууссан учир худал мэдэгдэл хийлээ" гэж байсан ч тэд 55-аас дээш насны ахмадуудыг дархлаажуулалтад хамруулах болсноо мэдэгдсэн юм. 

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар манай улсад вакцин нөөц биш "вакцин тариур"-ын нөөц дууссан байж болзошгүй байна.

Харин өчигдрөөс эхэлсэн 55-аас дээш насны иргэдийн вакцинжуулалтад хүүхдийн эмнэлгийн тариуруудыг авч, ашиглаж байж болзошгүй гэх мэдээлэл буй.

Учир нь коронавирусийн эсрэг вакцинуудын тариур нь хүүхдэд тарьдаг вакцины тариуртай ижил хэмжээтэй байдаг аж. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан COVAX хөтөлбөрт хамрагдсан орнуудад COVID-19-н вакцинжуулалтад нь зориулж 2021 оны эцэс гэхэд 1 тэрбум тариур худалдаж авахаар ажиллаж байна.

Харин манай улсад вакцин нийлүүлж буй БНХАУ-ын хувьд вакцины захиалгад ихээр дарагдсан тул тус улсын тариур үйлдвэрлэгчид ачааллаа дийлэхээ больсон талаар өнгөрсөн хоёрдугаар сард “Ройтерс” агентлаг мэдээлж байжээ. Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын төсөл хөтөлбөрүүд дэлхийн улс орон бүрт идэвхжиж үүний зэрэгцээ өөрсдийн хүн амаа вакцинжуулах нь чухал байгаа тул БНХАУ-ын тариур үйлдвэрлэгчид ирэх зургаадугаар сарын сүүл гэхэд л зарим захиалгаа баталгаажуулах боломжтойг анхааруулж байна.  

БНХАУ болон БНЭУ нь дэлхийд хамгийн том тариур үйлдвэрлэгч улс оронд тооцогддог боловч БНЭУ ч мөн ачааллаа дийлэхээ больж вакциныхаа захиалгыг түр зогсоогоод байгаа юм. БНХАУ-ын “Zhejiang KangKang Medical Devices” компани нь сардаа 5 сая тариурын захиалгатай байдаг байсан бол арванхоёрдугаар сараас эхлэн сардаа 10-20 сая тариурын экспортын гэрээг авч эхэлжээ. Эрэлт нэмэгдэхээс өмнө нэг ширхэг тариурын үнэ 0.1 юань байсан ч одоо гурав дахин нэмэгдэж 0.3 юань болсон байна. Тиймээс БНХАУ-ын үйлдвэрүүд 1000 гаруй ажилтныг гурван ээлжээр ажиллуулж үйлдвэрлэгч машиныг 24 цагаар зогсолтгүй ажилуулж байна гэж мэдэгджээ. Үүнээс гадна Америкийн Эрүүл Мэндийн Системээс ч тариурын эрэлт нийлүүлэлтээсээ давсан хэвээр байна гэж мэдэгдэж байгаа юм.