Жек Ма өөрийн компанид оногдуулсан торгуулийн эсрэг давж заалдахгүйгээр төлөхөө мэдэгджээ

Жек Ма өөрийн компанид оногдуулсан торгуулийн эсрэг давж заалдахгүйгээр төлөхөө мэдэгджээ

БНХАУ-ын эрх бүхий байгууллага тэрбумтан Жек Магийн үүсгэн байгуулсан “Alibaba Group Holding Ltd” группийг монополийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж 2.75 тэрбум ам.доллароор торгохоор болсон билээ. Өмнө нь нэг компанид ийм их хэмжээний торгууль тавьж байсан түүх тус улсад байгаагүй юм.

2.75 тэрбум ам.доллар нь “Alibaba Group Holding Ltd”-ийн өнгөрсөн жилийн нийт орлогын 4 хувьтай тэнцэж буй. Тиймээс торгуулийн хэмжээ хэдий их ч монополь байдлаа ашиглан олсон орлоготой харьцуулахад маш бага хэмээн тэд үзэж байна. 

Тэгвэл уг шийдвэр гарсны дараа Жек Ма өөрийн гараар бичсэн нээлттэй захидалдаа “давж заалдах бодолгүй байгаагаа илэрхийлж, торгуулийг төлөхийг зөвшөөрч байна” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр “Манай улсын засгийн газрын зөв зохицуулалт, үйлчилгээгүйгээр бид өсөлтөд хүрэхгүй байсан. Засгийн газрын хяналт, дэмжлэг бидний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс бид талархал, хүндэтгэлээр дүүрэн байна” гэжээ. 

Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын эдийн засгийн загвар, төрийн бодлогыг шүүмжилснээсээ хойш хэсэг хугацаанд сураггүй болсноос гадна Шанхайн биржид гаргах гэж байсан дэлхийн хамгийн том IPO /ANT Group/-гоо хойшлуулсан. 

Үүгээр ч зогсохгүй Алибабагийн санхүүгийн нэгдэл болох “Аnt  Групп” багагүй хохирол амссан юм. Үүний дараа Жек Ма “Ant Group”-д бизнесээ шинэчлэх тушаал өгч, одоо тус технологийн групп банкны системээр ажиллаж байна. 

“Ant Group” бол Хятадын хамгийн том төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бөгөөд сар бүр 730 сая гаруй хэрэглэгч Alipay дижитал төлбөрийн үйлчилгээгээ ашигладаг гэсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: CNN