Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг гаргасан. Захирамжтай холбоотойгоор өчигдөр мэдээлэл хийж нийт ард түмэндээ илгээлт хүргүүлсэн билээ.
Энэхүү илгээлтийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өөрийн биеэр Улсын дээд шүүхэд ирж холбогдох баримт бичиг, нотлох баримтыг хүргүүлэх байсан. Гэвч Улсын дээд шүүхэд коронавирусийн халдвар гарч ажиллахгүй байгаа учир хүндэтгэн үзэж өөрийн биеэр хүрэлцэж ирж чадсангүй гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир мэдэгдлээ.
Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир МАН-ыг тараах захирамж болон ард түмэнд хандан гаргасан илгээлттэй холбоотой материал, холбогдох баримтуудыг Улсын дээд шүүхийн ажилтанд гардуулан өгсөн юм.
Тэрбээр энэ үеэр "Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхэд өөрийн биеэр ирэхээр шийдвэр гаргасан нь шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж буй ажиллагаа биш. Энэ бол захиргааны үйл явц. Халдварын нөхцөл байдал сайжирсны дараа Улсын дээд шүүхэд ирж МАН-ыг тараах нотлох баримт, холбогдох мэдээллийн талаар тайлбарлана" гэлээ. Одоогоор МАН-ыг тараах 200 гаруй хуудастай бичиг баримт бүрдсэн байгаа аж.