Өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 08-ны өдрийн хооронд Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож экспорт, импорт тэг зогсолт хийсэн.
Тодруулбал, Эрээний гаалийн хяналтын хашаанд монгол жолоочийн машин шатсанаас гадна Зам-Үүдэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас долоо хоногийн хугацаанд Эрээний боомтоор экспорт, импортын ачаа ачсан машинуудыг нэвтрүүлэхгүй байж байгаад энэ 08-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаанд оруулсан юм.
Гэсэн хэдий ч БНХАУ-ын талаас татан авалт бага хийж буйтай холбоотойгоор Зам-Үүдэд ачаа, тээврийн машинуудын бөөгнөрөл үүссэн хэвээр л байна.
Өнөөдөр гэхэд үдээс өмнө 20 машин Эрээн рүү нэвтэрчээ. Өчигдөр шороон шуургатай гэх шалтгаанаар БНХАУ-ын талаас хилээр машин нэвтрүүлээгүй аж. Одоо Замын-Үүдийн гаалийн хяналтын хашаанд нийт 100 гаруй дугаараа хүлээж буйгаас гадна шороон зам дээр урт дугаарлалт үүссэн байна.
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын талаас өдөрт дээд талдаа 100, доод талдаа 20 машиныг хилээр нэвтрүүлж байгаа аж. Үүнээс үүдэн Замын-Үүд тээврийн хэрэгслийн урт дугаарлалт, бөөгнөрөл багасахгүй байна гэж орон нутгийн иргэд хэлж байна.
Замын-Үүд халдвар бүртгэгдвэл дахин хилээ хаана гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн учир ариутгал, халдваргүйтлийн ажлыг сайтар хийж, тусгаарлалтын дэглэмийг мөрдөж байгаа юм.