Хонконгийн олон улсын нисэх буудлын зорчигчдын танхимд эсэргүүцлийн суулт хийж байсан жагсагчид танхимыг орхисон бөгөөд тэдний хийсэн бэхлэлтүүдийг зайлуулж, зурагт хуудсуудыг цэвэрлэжээ.
Нисэх буудлын зорчигчдын ирэх танхимын алслагдсан хэсэгт тусгайлан гаргаж өгсөн хоёр бүсээс бусад газарт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа авсан байна. Гэвч олон арван жагсагч шөнө болтол буудалд үлджээ. Тэд тээшний тэргээр бэхлэлт хийцгээж, зурагт болон ухуулах хуудсууд наацгааж байжээ.
Пүрэв гарагийн өглөө нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн боловч буудал руу нэвтрэх тусгай журмыг мөрдсөн хэвээр байна. Жагсагчдын эсэргүүцлийн ажиллагааны улмаас Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа даваа, мягмар гарагт хэдэн зуун нислэгээ цуцлахаас аргагүйд хүрсэн. Мягмар гарагийн шөнө жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Цагдаа нар нисэх буудлын ойролцоох жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Лхагва гарагт байдал тодорхой хэмжээгээр тогтворжиж, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа сэргэж эхэлжээ.