226 зорчигчтой Оросын “Уральские авиалинии” компанийн А321 онгоц ослын буулт хийжээ. Тодруулбал, наймдугаар сарын 15-ны, орон нутгийн цагаар 06:10 цагт Оросын “Уральские авиалинии” компанийн А321 онгоц Москва орчмын Жуковский нисэх буудлаас Симферополь хотыг чиглэн ниссэн байна.
Гэвч дөнгөж хөөрсний дараахан онгоцны нэг хөдөлгүүрт шувуу орсны улмаас ноцтой гэмтэл гарч, 15 минутын дараа хөлгийн экипажийн ахлагч онгоцыг Раменск дүүргийн Эрдэнэшишийн тариалангийн талбайд буулгах шийдвэр гаргажээ. Онгоцонд 226 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүн байсан аж.
Энэ талаар Москва мужийн Онцгой байдлын яамны Ерөнхий газраас “Онгоцны бүх зорчигчид болон экипажийн гишүүд амьд мэнд. Онгоцны их бие гэмтээгүй. Түлш асгараагүй. Хэргийн газар шаардлагатай албад ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
Нисэхийн шинжээч Александр Романов “Комсомольская правда” сонины сурвалжлагчид тайлбар өгсөн байна. Цаг алдалгүй зөв шийдвэр гарган, онгоцыг осолгүй буулгаж чадсан хөлгийн багийн гишүүд болон ахмадыг улсын шагналд тодорхойлно гэж төрийн байгууллагуудаас мэдээлсэн бол олон нийтийн сүлжээгээ экипажийн ахмадыг “баатар” хэмээн магтаж буй аж.
“Ийнхүү газардсан нь нислэгийн багийнхны ур чадвар төдийгүй аз дайрсан байна. Тэд бүхэл бүтэн том онгоц буухад хангалттай хэмжээний тэгш талбай олсон нь үнэхээр азтай хэрэг. Энэ бол одоо цагт тун ховор олдох боломж ” хэмээн шинжээч өгүүлжээ.