Архангайн Жаргалант суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо

Архангайн Жаргалант суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо

Архангай аймагт сүүлийн 24 цагт 509 сорьцод шинжилгээ хийснээс Эрдэнэбулган, Өлзийт суманд халдвар бүртгэгдээгүй. Харин Жаргалант суманд шинээр 3 тохиолдол батлагдаж, өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. 

Тус гурван тохиолдол нь Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд байнгын оршин суугаа хаягтаа журмын дагуу зорчин ирсэн боловч давтан шинжилгээгээр ийнхүү халдвар илэрчээ. Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 359 боллоо. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 42 иргэн байгаа бөгөөд Жаргалант суманд батлагдсан 3 тохиолдол хэвтээгүй байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан 314 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо 2881 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 20, гэрийн тусгаарлалтад 561 иргэн тус тус байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 26-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 48867, II тунд 12291 хүнийг хамруулаад байна. Сүүлийн 24 цагт 9 обьектын 356 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.