Дэлхийн банк манай улсад КОВИД-19-ын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн банк манай улсад КОВИД-19-ын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлнэ

Энэ оны тавдугаар сарын 25-ы өдөр АНУ-ийн нийслэл Вашингтон  хотод Дэлхийн Банк Группын Захирлуудын зөвлөлийн хурал болжээ. Уг хурлаар Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн шинэ хүрээний талаар авч хэлэлцсэн ба 2021-2025 оныг хамарсан энэхүү стратегийн зорилго нь Монгол Улс КОВИД-19 хямралыг богино хугацаанд даван туулахын зэрэгцээ  ирээдүйд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад илүүтэй анхаарах байдлаар илүү тогтвортой, хүртээмжтэй, аливаа уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч, ядуурлыг бууруулах, иргэдийн  амьжиргааг дээшлүүлэх чиглэлд томоохон ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч өсөлт тогтвортой бус байж, бүх нийтэд хөгжил цэцэглэлтийг авчраагүй юм. Ажлын байр бий болгох нь чухал асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ ялангуяа залуу хүн амын дунд тулгамдсан асуудал болоод байна. Үүний дээр КОВИД-19 цар тахал эдийн засаг болон иргэдэд ихээхэн хохирол учруулж, Засгийн газраас цар тахлыг даван туулах дорвитой дэмжлэг үзүүлсэн хэдий ч суурь асуудлууд улам дордсон тул  энэхүү түншлэл нь үр өгөөжтэй, хүртээмжтэй байж чадна гэсэн юм.

Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ хүрээ нь хүртээмжтэй, тогтвортой, бат бөх өсөлтийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах гурван үндсэн асуудлыг гол чиглэлээ болгож байна:

  • Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх
  • Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Амьдралын чанарыг сайжруулах.

Уг стратеги нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээ болох Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн Банк Группын ядуурлыг эцэслэх, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих гэсэн хос зорилттой нягт уялдсан болно. Энэ бол Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-аас дэвшиж,  2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ)-аар гагцхүү үйлчлүүлж эхэлснээс хойш хэрэгжүүлж эхлэх анхны Түншлэлийн хүрээ болж байгаа юм.

Мөн  Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, "Стратегийг боловсруулахдаа бид төв, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийнхэн болон иргэний нийгмийн оролцогч талуудтай нягт хамтран ажилласан. Цаашдаа мөн ажил хэрэг болгохын тулд бүхий л түншүүдтэйгээ хамтран ажиллах болно.  Монгол Улстай хамтран ажиллах энэхүү стратеги нь бидний түншлэлийг удирдан авч явах тод томруун замын зураглал байх болно ” 

Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан захирал Мартин Райзер, "Түншлэлийн шинэ хүрээ нь Монгол Улс КОВИД-19-ын хямралыг даван туулах онц чухал цаг үед хэлэлцэгдэж байгаа төдийгүй цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж, реформууд шинэчлэлүүдийг дэмжих юм. Мөн энэ жил бид Монгол Улс, Дэлхийн Банк Группын түншлэлийн 30 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ тус стратегиар дамжуулан илүү сайн сайхан ирээдүйг бүтээх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих аянаа хамтдаа үргэлжлүүлэх болно” гэжээ.

Эх сурвалж: Worldbank