Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт эргүүл ажиллана

Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт эргүүл ажиллана

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллахаар болжээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэхдээ Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд завьт эргүүл иргэдийн  аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны осолтой холбоотой 13 дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 33 иргэний амь насыг авран хамгааллаа.

Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний /45 том хүн, 21 хүүхэд/ амь аварч,  усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Завьт эргүүлийг ажиллуулснаар нийслэлийн хэмжээнд голын усны ослын эрсдэл буурч,  аврах, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.