Баянголын аманд 2 мянган айлын орон сууц барина

Баянголын аманд 2 мянган айлын орон сууц барина

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  гурван байршилд нийт 7000 айлын орон сууц барихаар болсон. Үүнээс 2000 айлын орон сууцыг Баянголын аманд барихаар төлөвлөжээ.

Тус барилгын ажлын санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа юм.  2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Баянголын аманд баригдах орон сууцанд  450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлын үр дүнд 10 га газарт 2007 айлын орон сууц баригдаж, 3000 хүний ажлын байр бий болох юм. 

Ажлын явцтай танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, залуучуудын хувьд орон сууц гэдэг хоёр том асуудал байдаг. Тиймээс Засгийн газар үүнд оролцож байгаа. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, газар чөлөөлөлт хийгдэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хоёр нүхэн гарц хийнэ. Мөн гэр хорооллын дундах 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлт хийх шаардлага байна. Төрийн байгууллагуудаа үе шаттай хотоос гаргаж, хувийн хэвшлийн томоохон компаниудад Засгийн газраас уриалж, тэдэнтэй хамтарч ажиллана. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг  орон сууцжуулахын төлөө аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлнэ. Дөрвөөс таван  газарт хотын төв бүс байгуулж  төвлөрөл, түгжрэлийг сааруулна гэсэн зорилт тавилаа’’ гэв. 

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ‘’Улаанбаатар хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах боломж, бололцоо бий. Үндсэн зургаан дэд төв дээр суурилж, хотын төвлөрлийг сааруулах бодлого явах ёстой. Мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй” гэсэн юм.

М.Саранцэцэг