Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Улмаар түүнийг энэхүү асуудалтай холбогдуулж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Харин тэрээр саяхан батлан даалтад гарсан.
Ингээд өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Н.Түвшинбаярыг тус хорооны Ерөнхийлөгчийн ажлаас нь түдгэлзүүлсэн байдаг.
Учир нь Олон Улсын Олимпын хороо /ОУОХ/-ноос МҮОХ руу хандаж, “танай хорооны ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдсон уу, бодит байдлыг бидэнд мэдэгдэнэ үү, ОУОХ-ны ёс зүйн хороогоор хэлэлцэх шаардлагатай” гэсэн утгатай бичгийг удаа дараа ирүүлжээ.
Иймд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл болон ОУОХ-ны зохих албан тушаалтан цахимаар оролцож, Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ажлаас түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байх явцад, тэрээр ОУОХ руу “МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэсэн утгатай шуудан илгээгээд, тус хорооны тамгыг авч явсан талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар Н.Түвшинбаярыг “МҮОХ-ны тамгыг буцаж өгөхийг шаардсан бичгийг илгээсэн байна. Мөн тамга буцаж өгөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдлээ.