Өчигдөр/2021.06.02/ Баянхонгор аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдаад байсан юм. Тодруулбал, Богд Хайрхан уулын тахилгын арга хэмжээнд оролцсон нэг иргэний шинжилгээ эерэг гарсан талаар тус аймгийн Онцгой комисс мэдээлсэн. Үүнээс гадна Улаанбаатар хотоос ирсэн /5-р сарын 28 болон 6 сарын 1-нд ирсэн/ орон нутгийн харьяат хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлах эмнэлэгт шилжүүлсэн. Улмаар батлагдсан нэг болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 12 хүнийг тусгаарлаад байсан юм.
Тэгвэл сүүлийн 24 цагт “сэжигтэй” хоёр тохиолдлын хариу батлагдаж, нэмж зургаан хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр тус аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 9 болов. Мөн найман иргэн тусгаарлагдаж байна.
Баянхонгор аймгийн онцгой комиссын мэдээлж буйгаар тус аймагт дөрөвдүгээр сарын 29-өөс хойш халдвар бүртгэгдээгүй байсан юм.