Граж буулгаж чөлөөлсөн газарт иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаар зураг төслийн ажлыг хийж эхэлжээ

Граж буулгаж чөлөөлсөн газарт иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаар зураг төслийн ажлыг хийж эхэлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 21-ны өдөр /2021.05.21/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийгдсэн. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талын зам дагуу баригдсан 40 тоосгон гражыг буулгасан юм. Тэгвэл гражыг буулгаж чөлөөлсөн газарт тохижилт хийхээр зураг төслийн ажлыг хийж эхэлжээ. Зургаас харвал тус газарт өрхийн эмнэлэг болон машины зогсоол,  иргэдийн амрах ногоон байгууламжийг байгуулах аж. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй баригдсан граж, хашааг буулгах тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 5 дугаар хороо Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражыг албадан буулгасан, 2 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гражын буулгаж жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэсэн юм. 

Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.